Умард Солонгос пуужин харвах бэлтгэлээ зогсоолоо гэж Өмнөд Солонгосын "Ренхап" агентлаг мэдээллээ. Техникийн бүрэн биш байдлаас шалтгаалж пуужин харвах хугацааг өөрчилж болзошгүй гэсэн мэдээг БНАСАУ-ын албан ёсны ЦТАК агентлаг урьд нь түгээгээд байсан юм.
Өмнөд Солонгосын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сонордуулж буйгаар бол пуужин харвахыг хойшлуулсан нь чухам техникийн доголдолтой холбоотой болохоос биш, дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлж буй дарамт шахалтад өгч буй хариу биш аж. БНАСАУ-ын эрх баригчдын хэлснээс үзвэл энэ пуужин холбооны хиймэл дагуулыг тойрог замд оруулах юм байна.
АНУ, Өмнөд Солонгос, Япон болон бусад нэлээд улс Пхеньяныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориглосон баллистик пуужин турших гэж байна хэмээн үзэж буй. Пуужин хөөргөхөө түдгэлзэхийг ОХУ ч Умард Солонгосоос хүсжээ.