Мөрдөн шалгах хорооны ажилтнуудад Дмитрий Медведевийн өгсөн хатуухан зэмлэл эндүүрлийн уршгаар телевизээр олны сонорт хүрч орхисон байна. "Коммерсантъ" сонинд өчигдөр бичсэнээр бол шуугиан тарьсан нэвтрүүлгийг эфирт цацсан RT телевизийн сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян бурууг Оросын төв телевиз рүү түлхжээ.
Энэ сарын 7-ны баасан гаригт Оросын Ерөнхий сайд таван телевизийн сурвалжлагчтай ярилцсаныг "Россия", "Россия-24" сувгууд шууд дамжуулжээ. Ярилцлагын албан ёсны хэсгээ дуусгаад Медведев студид орж сэтгүүлчидтэй хөөрөлдөхдөө найруулагч Павел Костомаровыг нэгжсэн мөрдөн байцаагчдын үйлдлийг сонсоод хараалын үг хэлсэн байна. Энэ үед RT телевизийн зураглаач камераа хаагаагүй байснаас бичлэгийг интернэтэд дамжуулчихжээ. Одоо бол уг яриа You Tube цахим хуудаст орчихсон байгаа.
"Хугацаа" хэмээх баримтат нэвтрүүлгийг зохиогчдын нэг Павел Костомаровыг Намагт талбай дээр тавдугаар сард болсон эмх замбараагүй явдлыг мөрдөн шалгах ажлын хүрээнд энэ сарын 7-ны өглөө нэгжсэн байна. Түүнийг гэрч гэж үзжээ. Албан ёсоор ярилцлага өгч байхдаа Медведев энэ сэдвийг хөндөхдөө төлөв төвшин тайлбар хэлж, Мөрдөн шалгах хорооны ажилтнуудын үйлдэл ул суурьтай байсан гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бол харин тэднийг өглөө эрт ирснийг дуулаад дургүй нь хүрсэн бололтой. Ерөнхий сайдын хэлснийг Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин маргааш нь тайлбарлахдаа, түүний ажлын газрынхан хуулийн дагуу ажилласан, тийм болохоор Ерөнхий сайдын зэмлэл мөрдөн байцаагчдыг хилсдүүлээд зогсоогүй, "Оросын хууль сахиулах бүх байгууллагын нэр хүндийг унагалаа" гэж мэдэгджээ. Маркины энэ тайлбар Мөрдөн шалгах хорооны албан ёсны сайт дээр хэсэг үзэгдсэнээ удалгүй алга болсон байв. Үүний шалтгааныг тус хорооны эх сурвалж "уг тайлбар дотроо зөрчилтэй байсан" хэмээсэн аж. Маркин өөрөө болохоор хэлсэн үгнээсээ буцахгүй гэсэн байна.