Америкаас оруулж ирж буй маханд рактопамин байхгүйг нотолсон батламж бичиг дагалдуулж байхыг Оросын ХАА-н хяналтын газар нь шаардсанаар Дэлхийн хуралдааны байгууллагын дүрмийг ОХУ зөрчлөө гэж АНУ үзэв. Худалдааны хэлэлцээрт оролцож байгаа Америкийн төлөөлөгч Рон Кирк, ХАА-н сайд Том Уилсак хоёр энэ сарын 8-нд гаргасан хамтарсан мэдэгдэлдээ батламж бичгийн талаар авч буй шинэ арга хэмжээг зогсоож, Америкийн махыг зах зээл рүүгээ нэвтрүүлэхийг ОХУ-ын эрх баригчдад уриалсан байна.
Дэлхийн худалдааны багууллагад элсэхдээ түүний үйл ажиллагааны хэм хэмжээг чанд баримтлах, хүнсний бүтээгдэхүүний салбарт олон улсын стандартыг мөрдөхөө Москва амласныг Кирк, Уилсак нар тэмдэглэсэн аж. Тэгвэл Оросын зах зээлд орж ирж буй хүнсний бүх бүтээгдэхүүнд рактопамины бета-адрен өдөөгч байхгүйг нотлох баримт бичигтэй байх ёстой гэж ХАА-н хяналтын газар нь мэдэгдэв. Ийм баримт байхгүй бол уг бодис маханд байгаа эсэхийг шинжлүүлж байж зах зээлдээ гаргах аж.
Амьтны махыг өөх багатай байлгах зорилгоор рактопамин хэмээх бодисыг хэрэглэдэг байна. Түүнийг хортой бодис гэж олон улс үздэг. Гэтэл АНУ-д уг бодисыг хэрэглэхэд ямар нэг хязгаар тогтоодоггүй учраас бэлтгэж буй маханд нь түүнийг байгаа эсэхийг гэрчлэх батламжийг үйлдвэрлэгчдэд өгдөггүй юм байна. Хүний эрх зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн Оросын төрийн ажилтнуудыг АНУ-д очихыг хориглосон "Магнитскийн хууль"-ийг АНУ-ын Сенат баталсны маргааш нь Оросын ХАА-н хяналтын газар ийм шийдвэр гаргалаа гэж Өрнөдийн хэвлэлд бичиж байна.
Үүний хариуд тус газар мэдэгдэхдээ, рактопаминыг Оросын зах зээлд оруулахгүй гэдгээ бид жил гаруйн өмнө зарлаж, энэ тухайгаа Америк, Канад, Мексикийн мал эмнэлгийн албадад зохих хугацаанд нь дуулгасан билээ гэсэн байна. АНУ-аас үхэр, гахайн мах авдаг хэмжээгээрээ ОХУ дэлхийд зургаад ордог аж. Жилд хагас тэрбум долларын мах авдаг гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ