Жил бүр Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гуравт эрэмбэлэгдсэн байна. Путин энэ жагсаалтад өнгөрсөн онд хоёр, 2010 онд дөрөв, 2009 онд гуравдугаарт орж байсан юм. 2012 оны нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүлжээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель аман хүзүүдсэн байна. Обама хоёр жил дараалан өнгөлж буй юм.
Харин Меркель 2011 онд дөрөвдүгээрт орж байв. “Microsoft”-ыг үндэслэгч Билл Гейтс өнгөрсөн онд арайхийж айрагдаж байсан бол энэ жил дөрөвт бичигджээ. Ромын тэргүүн хамба лам XVI Бенедикт ноднингийн байраа нэгээр урагшлуулж айрагдсан аж. Ийм хүмүүсийн эхний аравт АНУ-ын Төвбанкны тэргүүн Бен Бернанке, Европын Төвбанкны ерөнхийлөгч Марио Драги нар орж иржээ. Эхнийх нь зургаад, дараагийнх нь наймд орсон байна. Энэ хоёроос гадна Саудын Арабын хаан Абдулла ибн Абдель-Азиз (7), ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын ирээдүйн дарга Си Зиньпин (9), Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар арав дотор багтжээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев 61 (өнгөрсөн онд 59 дүгээр) дүгээр байранд, Хятадын Төрийн тэргүүн асан Зян Зэминь, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй зартай гэмт хэрэгтэн, Синалоа картелийн тэргүүн, мансууруулах бодис үйлдвэрлэгч, наймаалагч мексик гаралтай Хоакин "Эль Чапо" Гусман удаалжээ.
Путин, Медведев хоёроос гадна энэ эрэмбэд хоёр ч орос хүн багтсан нь бизнесмен Алишер Усманов (67), “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер (70) нар аж. Жагсаалтад нийтдээ 71 хүн оруулснаас нийгмийн сүлжээний Linkedln сайтыг үндэслэгчдийн нэг, нөлөө бүхий хүмүүсийн тоонд анх удаа орж ирсэн Рид Хоффман “баян ходоод” болсон байна. Энэхүү эрэмбийг тогтоохдоо тухайн хүний нөлөөнд байдаг хүмүүсийн тоо, түүний хяналтад байгчдын санхүүгийн чадамж болон амьдралын янз бүрийн хүрээ салбарт үзүүлэх нөлөөг нь харгалзан үзжээ. Түүнээс гадна өөрийн нөлөөг хэр үр дүнтэй ашиглаж чаддагийг нь бас тооцсон байна. Түүнчлэн эсэргүүцэгчдээ “торны цаана суулгах” замаар нөлөөтэйгөө байн байн харуулж байдаг чанарыг нь нэг шалгуур болгосон нь Владимир Путиний нэр жагсаалтад дээгүүр ороход ихээхэн түлхэц болсон аж.
Р.ЖАРГАЛАНТ