Египетийн Ерөнхийлөгч Мохамед Мурсийг эсэргүүцэгчид мягмар гаригийн орой түүнийг Каир дахь ордноо орхиход хүргэсэн болохыг “Ройтерс” мэдээллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний лидерүүд дээрх цуглаанаа “сүүлчийн сануулга” хэмээн нэрлэсэн бөгөөд 100 мянга орчим хүн оролцжээ.
Тэд нийслэлийн хойд хэсэгт эхэлж цуглаад, Ерөнхийлөгчийн ордон руу алхаж очсон байна. Ордны өмнөх талбайд цагдаагийнхан жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн ч олон хүн хамгаалалтыг сэтэлж дөнгөсөн агаад зарим нь Төрийн тэргүүний өргөөг хүрээлсэн хана өөд авирчээ. Түүгээр ч үл барам жагсагчдын нэг хэсэг цагдаа нартай мөргөлдөн, 18 хүн гэмтэж бэртсэн тухай албан ёсны Мена агентлаг дамжууллаа.
Жагсагчдын хэсэг хамгаалалтыг сэтэлсний дараахан М.Мурси өргөөнөөсөө явсан гэж аюулгүй байдлын албаны эх сурвалж ярьжээ. Өөрт нь засаглалын хязгааргүй шахам эрх мэдэл олгох Үндсэн хуулийн шинэ төсөлд Ерөнхийлөгч Мурси өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан нь Египетэд өргөн олныг хамарсан эсэргүүцлийн үйл ажиллагаа дахин өрнөхөд хүргээд байна. Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан зарлигийг хүчингүй болгохыг жагсагчид шаардаж байгаа бөгөөд түүнийг эрх мэдлээ өргөжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм. Сөрөг хүчний дэмжигчид М.Мурсийн “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүдтэй шөргөөцөлдөн, бүр мөргөлдөөн болон хурцадсан тохиолдол ч хэд хэд гарчээ.
Шинэ Үндсэн хуулийн төслийг Египетийн Үндсэн хуулийн ассамблей арваннэгдүгээр сарын 30-нд баталсан. Энэхүү Үндсэн хууль шариатын хэм хэмжээнд тулгуурласан агаад Ерөнхийлөгчийн засаглалыг цаашид бэхжүүлэх бодлого чиглэлтэй болсон байна. Гол хуулийн шинэчилсэн төслийн талаар энэ сарын 15-нд бүх ард түмний дунд санал хураалт зохион байгуулахаар товложээ. Иргэдийн байр суурийг сонсохыг хэт яаравчилсан дээрх шийдвэр өөрөө хөнгөдсөний сацуу цөөнхийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан баримт бичиг болж чадаагүйг сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Египетийн хэд хэдэн сонин шинэ Үндсэн хууль хэвлэлийн эрх чөлөөг хангаагүй хэмээн мэдэгдэж, мягмар гаригт хэвлэгдээгүй бол, зарим нь тэргүүн нүүрээ хоосон гаргажээ.
Х.ЭНХ