“Пабло” хар салхи Филиппиний өмнөд эрэгт хүрэв. Салхины хурд 210 км/цаг байгаа бөгөөд хэмжээгээрээ бүлэг арал дотроо хоёрт ордог Минданаог өчигдөр өглөө эрт сүйтгэсэн байна. Эндхийн эрх баригчдын үзэж буйгаар энэ онд Филиппинд тохиолдсон байгалийн гамшгаас хамгийн хүчтэй нь энэ байв. Хар салхины уршгаар тохиолдож болох аюул ослоос сэргийлж олон газрын цахилгааныг салгаж, агаарын болон далайн тээврийг зогсоожээ.
Хүний амь үрэгдсэн талаарх мэдээлэл одоогоор алга. Хар салхи ойртож байгаа учир Филиппинд олон хүнийг нүүлгэн шилжүүлж, 40 мянган хүнийг түр оромжинд байрлуулжээ. Хар салхи нь тус улсад цөөнгүй тохиолддог үзэгдэл юм. Энэ онд Филиппинийг 20 гаруй удаа хар салхи дайрч хүний амь ч сүйдсэн байна. 2011 онд 1500 орчим хүн байгалийн энэ гамшгийн золиос болж, тус улсын 100 сая хүн амын 10 шахам хувь нь ямар нэг байдлаар хар салхины “хөлд” өртсөн аж.