Ангараг гариг руу хөөргөсөн “Curiosity” хөлөг, NASA-гаас хэрэгжүүлж буй төсөл хоёроос одоогоор дэлхий дахиныг шуугиулсан үр дүн алга байна. Тэнд хүн байдаг хийгээд тэд Улаан нүдэн гариг дээр хөл тавьсан гэх ул мөр олдсонгүй. Ангараг гаригийн гадарга дээр органик бодис байгаа гэх шинж тэмдэг үгүй болохоор хүн төрөлхтөн гайхамшигтай нээлт хийчихлээ гэж итгэлтэй хэлэх боломжгүй юм. Сан-Франциско хотод болсон Америкийн Геофизикийн холбооны 45 дугаар конгрессийн хүрээнд судлаачид ийм мэдээлэл өгчээ.
NASA-гийн төлөөлөгч энд хэлсэн үгэндээ, Ангарагийн хөрснөөс авсан дээжид жирийн органик нэгдэл байгааг хөлгийн төхөөрөмжүүд илрүүлсэн. Харин энэ бодис тус гаригийнх эсэхийг нотлох ёстой гэсэн байна. NASA-гийн удирдагчид Ангараг дээрээс жирийн органик нэгдэл оллоо хэмээн өнгөрсөн сарын эхээр дэлхийн чихийг дэлдийлгэсэн юм. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 3-нд хэвлэлийн бага хурал дээр өгнө гэж байснаа Ангараг дээр органик бодис байна гэсэн дүгнэлт хийхэд анхны үр дүн хангалттай бус гэж урьдчилан мэдэгдлээ. Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн сайтад “Curiosity” хөлөг Ангараг гаригийн хөрсийг судлахад шаардлагатай бүх техник төхөөрөмжийг ашиглаад химийн хэд хэдэн нэгдэл байгааг тогтоосон. Ус, хүхрээс гадна хлорын нэгдэл байсан гэж мэдээлсэн байв.
“Curiosity” хөлгийн химийн SAM (Sample Analysis at Mars) лаборатори нь лазерын солонгон задлалын болон жин тодорхойлох төхөөрөмж, хийн хроматографтай юм. Ангарагийн хөрснөөс олсон усны молекул нь газрын хөрснийхөөс хүнд, найрлагад нь дейтери болон устөрөгчийн изотоп ихтэй байв гэж төслийн удирдагч Пол Мэхэффи сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ. Дэлхийн усны ердөө 0.016 хувь нь хүнд ус байдаг аж. Дашрамд тэмдэглэхэд, ExoMars төслийн асуудлаар Роскосмос болон Европын сансрын агентлагийн хооронд байгуулах гэрээнд энэ сарын 15-наас наана гарын үсэг зурахгүй нь бололтой гэж РИА “Новости” мэдээлэв.
Энэ төслийг Европын сансрын агентлаг голлон боловсруулсан бөгөөд 2009 оноос хойш хэд хэдэн өөрчлөлт оруулсан түүнийг NASA-тай хамтарч хэрэгжүүлэх ёстой аж. Тэгтэл төсөв хэмнэх хүрээнд АНУ төслийг хэрэгжүүлэхэд оролцож чадахгүй болсноо зарласнаар хамгийн ирээдүйтэй түншээ Роскосмос гэж Европын сансрын агентлаг одоо үзэж буй юм байна. АНУ энэ төсөлд 2018 оноос оролцож болзошгүй байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ