Жам ёсоор арванхоёрдугаар сарын 21-нд нар буцаж, өдөр богиносон, шөнө уртасна. Одон орон судлаачдын үзэж байгаагаар энэ сарын 21-ний шөнө агаарын хүйтэн урсгал ялимгүй сулрах гэнэ. Арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд тэнгэр хамгийн цэлмэг, тунгалаг байх аж. Тиймээс энэ сарын 13-14-нд энэ оны солирын хамгийн том бороог харах завшаан бөмбөрцгийн хойд хэсгийнхэнд тохиох нь.
Арванхоёрдугаар сарын 1-нд Бархасбадь гариг дэлхийтэй хамгийн ойрхон зайд ирсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд 608 сая км хүртэл ойртжээ. Яг үүнтэй зэрэгцэн нарны тойрог замын тав дахь гариг болох Бархасбадь Үхрийн орд буюу Гиад хэмээх оддын бөөгнөрлийн зүүн хэсэгт маш ойрхон ирсэн гэнэ. Ялангуяа тус ордын хамгийн том улаан од болох Альдебарантай тавхан градусын зайд очжээ. Тэгэхээр ирэх хоёр сарын турш Бархасбадь гариг дэлхийтэй тун ойрхон “амьдрах” нь.
Одон орны энэхүү хөдөлгөөний нөлөөгөөр энэ сарын 13-14-нд Геминид хэмээх солирын бороо маш тод харагдах юм байна. Энэ үдэш сар бүдэг байх тул тэнгэр нэлээд харанхуй байх гэнэ. Энэ нь цагт 60 ба түүнээс дээш тооны солир олж харах боломжийг хүмүүст олгоно гэж одон орон судлаачид мэдээлжээ. Гиадын бөөгнөрсөн одод хамгийн гэрэлтэй бөгөөд харвахдаа хурц гэрэл цацруулдаг учраас Геминидийн солирын бороо нь бусдаас онцгой аж.
Р.ОЧ