БНАСАУ нэг шатлалт пуужинг харвах талбайд нь суурилууллаа. Энэ нь алсын тусгалтай пуужингаа хөөргөхөд бэлэн болгосон гэсэн үг хэмээн Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг дипломат эх сурвалжаас иш татан өчигдөр мэдээллээ. Харин хөөргөж болзошгүй хугацаа нь энэ сарын 10-22-ны хооронд, тухайн өдрийнхөө 07.00-12.00 цаг аж. Эрдэм шинжилгээний дагуулыг тойрог замд хүргэх зорилготой пуужин хөөргөхөөр төлөвлөж буйгаа Пхеньян өнгөрсөн бямба гаригт албан ёсоор зарлажээ. БНСУын “Чосун Ильбо” сонинд бичсэнээс үзвэл Ким Чен Ирийг нас барсан өдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд пуужинг хөөргөж болзошгүй аж. Ким Чен Ир 2011 оны энэ өдөр өөд болсон бөгөөд үүнд зориулсан арга хэмжээ нэгэнт эхэлсэн байна. Пхеньяны энэ төлөвлөгөө олон улсын хамтын нийгэмлэгийг, түүний дотор Токио, Сөүлийг түгшээж байна. Эрдэм шинжилгээний хөтөлбөр нэрийн дор Умард Солонгос баллистик пуужин ч турших гэж байж мэднэ хэмээн сэжиглэхэд хүрч буй аж. Тэр пуужин улс оронд маань аюул учруулах гэсэн тохиолдолд түүнийг “шүүрч авах” бэлтгэлийг энэ сарын 7-ноос өмнө хангах тушаалыг Японы Батлан хамгаалахын сайд Сатоси Моримото өгчээ. Тэгээд пуужинг эсэргүүцэн хамгаалах системээ Окинава арал дээр өчигдрөөс байрлуулж эхэлсэн байна. Хирошимад байдаг Курэ баазаас ийш нь бас тэнгисийн цэргийн хүчний хөлгийг илгээжээ. Түүн дээр зенитийн пуужингийн РАС-3 систем байрлуулсан байна. Түүнчлэн пуужин эсэргүүцэх “Иджис” систем бүхий хөлөг онгоцыг Солонгосын пуужингийн агаарт байгаа байдлыг ажиглах зорилгоор Окинава арал дээр байрлуулах юм байна. Японы Ерөнхий сайд Есихико Нодагийн хэлснээс үзвэл Солонгосын пуужин улс оронд нь аюул занал учруулахгүй бол түүнийг сөнөөхийг Японы цэргийнхэн хичээхгүй аж. 2012 оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын хөөргөсөн “Ынха-3” пуужин агаарт сөнөсөн юм.