Шейхийн засаглалыг эсэргүүцсэн жагсаал олныг хамарч, сөрөг хүчин нь хориг саад хийх болсноос Кувейтэд энэ сарын 1-нд Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө эхлүүлэв. Энэ бол Эмирийн гэр бүл бүхэлд нь захирч байдаг Засгийн газрын болон Парламентын хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэн сүүлийн зургаан жилийн дотор тав дахь удаагаа болж буй сонгууль юм. Сонгуульд оролцохоор 400 мянга гаруй сонгогч бүртгүүлсэн байна. Армийн албан хаагчаас бусад 21 нас хүрсэн иргэд эднийд сонгуульд оролцох эрхтэй байдаг. Саналыг сонгуулийн таван тойргоор авах бөгөөд тойрог тус бүрээс Парламентын 10 гишүүн сонгогдоно.
Конгийн Үндэсний хурал (Парламент) нэг танхимтай. 50 суудлын төлөө өрсөлдөхөөр 307 хүн нэрээ дэвшүүлсний 14 нь эмэгтэй хүн аж. Гэхдээ 2012 оны хоёрдугаар сард болсон үүний түрүүчийн сонгуульд ялагдсан сөрөг хүчин Парламентын шинэ бүрэлдэхүүнд Засгийн газрын талыг баримтлагсад түлхүү орох магадлалтай гэж үзэж сонгуульд саад хийхийг оролдож буй дуулдана. Шейх ас-Сабах сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаас сөрөг хүчин сонгуульд оролцохоос татгалзаж буй аж. Хуульд Шейхийн оруулсан өөрчлөлтөөр нэг сонгогч нэг нэр дэвшигчийн төлөө л санал өгөх болсон байна. Уг нь дөрвөн хүнд саналаа өгч болдог байж. Сөрөг хүчнийхний үзэж буйгаар энэ өөрчлөлт Үндсэн хууль зөрчиж буй төдийгүй одоогийн Засгийн газрыг дэмждэг хүмүүст Парламентад сонгогдох боломж илүү олгож байгаа юм байна.
Сонгууль эхлэхийн урьд өдөр сөрөг хүчний олон арван мянган хүн нийслэл ЭльКувейтийн гудамжинд гарч, сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтийг цуцлахыг шаардаж, сонгуульд саад хийхийг уриалжээ. Сонгуулийн дүн тодорхой болсны дараа ч олон түмнийг хамарсан цуглаан зохион байгуулахаар төлөвлөж буйгаа сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгдсэн байна. 2012 оны хоёрдугаар сард болсон сонгуулийн дүнг Үндсэн хуулийн шүүх хүчин төгөлдөр биш гэж үзсэн зургаадугаар сараас Кувейт дэх улс төрийн хямралын шинэ давалгаа эхэлсэн юм. Өвөл нь болсон сонгуулиар лалын шашинт суннитүүд Парламентын 50 суудлын 34-ийг нь авч олонх болов. Гэтэл зун нь шүүхийн шийдвэрээр хуучин Парламентыг сэргээн байгуулав. Уг Парламент 2012 оны аравдугаар сар хүртэл ажилласан.
Шейх асСабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабах Парламентыг тарааж арванхоёрдугаар сарын 1-нд сонгууль явуулах тов тогтоолоо. Кувейт нь Үндсэн хуульт хаант засаглалтай, Ерөнхий сайдыг эмир томилно. Тэгвэл Засгийн газрын гишүүнийг Парламент нь сонгодог болгох, хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийг өргөтгөхийн төлөө сөрөг хүчин нь тэмцэж буй юм. Одоогийн байдлаар Парламентын гиш үүд нь хууль санаачлах эрхгүй байгаа. Тэгэхдээ Персийн булангийн орнуудын хууль тогтоох байгууллагатай харьцуулбал Кувейтийн Үндэсний хурлын бүрэн эрх илүү өргөн гэж хэлж болно.
Р.ЖАРГАЛАНТ