2012 оны зургадугаар сараас Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж буй Жулиан Ассанж уушгины архаг өвчнөөр шаналж байна гэж Эквадорын Элчин сайд Ана Альбан мэдэгдсэнийг “Franse-Press” агентлаг лхагва гаригт мэдээлэв. Чухам ямар өвчин болохыг нь Элчин сайд тодруулсангүй. Өвчин хүндрэх янзтай байгааг харин хэлсэн байна.
Ассанж өөрөө CNN-ийн сурвалжлагчтай ярилцахдаа өвчнийхөө талаар тайлбар өгөхийг хүссэнгүй. Энэ нь анхаарал татах асуудал биш гэж үзэж буйгаа өгүүлжээ. Бас зовиуртай ханиалгаж буй бөгөөд биеийнх нь байдал алгуур муудаж байгааг ч нуусангүй. Түүний жин багасаж, хараа нь муудаж буй гэж Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Патиньо Английн Гадаад хэргийн сайдтай уулзах хүсэлт тавьсан байна.
Англи улс Ассанжийг Шведэд хүлээлгэж өгөх шийдвэр гаргасны дараа Эквадороос тэрбээр орогнол хүссэнийг зөвшөөрсөн юм. Тэгэхдээ Ассанжийг ямар ч саадгүйгээр улс орноосоо гаргаад явуулчихгүй гэж Английн тал мэдэгдсэн учраас Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд одоо хэр нь толгой хоргодсоор байгаа аж.