Осама бин Ладенг олж устгахад тусалсан Пакистаны эмч Шакил Африди өлсгөлөн зарласныг “Reuters” уламжлав. Африди шоронд байгаа юм. Түүнийг лалын шашинтнуудтай холбоотой байсан гэж буй ч Пакистаны эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэгчид америкчуудтай хамтарч ажилласны учир ийн шийтгэж буй гэж үзэж байна. Африди хоригдож буй нөхцөлөө эсэргүүцэж хугацаагүй өлсгөлөн зарласан гэж Пешавар дахь шоронгийн албан хаагчид өчигдөр мэдээлэв. Афридиг нэг хүний өрөөнд хорьж буй бөгөөд хүмүүстэй уулзах, утсаар ярихыг нь хориглосон аж.
Африди өнгөрсөн есдүгээр сард сурвалжлагчтай ярилцсаны улмаас ийн чандлуулжээ. Тэрбээр вакцинжуулах хуурамч ажил Абботабадад зохион байгуулж бин Ладеныг 2011 оны тавдугаар сард устгахад Америкийн тагнуулын байгууллагад тусалсан юм. Бин Ладены байгаа газрыг яг таг зааж өгөхийг энэ эмч хичээсэн ч чадаагүй, гэхдээ тагнуулын маш үнэтэй мэдээг америкчуудад өгч чадсан байна.
Осама бин Ладеныг устгах ажиллагааг үйлдэхдээ Пакистаны эрх баригчдын зөвшөөрлийг АНУ аваагүйд Исламабад нэлээд эгдүүцдэг юм. Тэгвэл америкчууд баатар гэж үзээд байгаа Афридиг шүүн таслахад АНУ бас ихэд дургүйцсэн. Ер нь энэ явдал тус хоёр улсын харилцаанд түгшүүртэй байдлыг даамжруулсан гэж хэлж болно.
Африди есдүгээр сард Америкийн телевизийн “Fox News” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа шоронд түүнийг тамлаж буй хийгээд Пакистаны тусгай албад Америкт сүрхий дайсагнан хандаж байгааг хэлжээ.
Р.ЖАРГАЛАНТ