Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес энэ сарын 27-нд Үндэсний Ассамблей руугаа явуулсан мэдээлэлдээ хорт хавдрын эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Куба улс руу мордох болсноо дурджээ. Энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн суудалд дахин заларснаас хойш Чавес анх удаа албан ажлаа орхих гэж байгаа нь энэ юм. Түүнээс гадна Чавес уулзалт, зөвлөлгөөг ажлынхаа өрөөнд хийж, олны нүдэнд тун цөөн харагдсан байна.
Тэрбээр эмчлүүлэхээр анх 2011 оны зун Кубыг зорьж байсан билээ. Хэвлийн хэсэгт нь байсан хавдрыг авсан нь хожим тодорхой болсон. Дараа нь химийн хэд хэдэн курс эмчилгээ хийлгэж уг өвчнөөс салсан гэж мэдэгдсэн. Гэтэл Чавест бас хавдар байгааг 2012 оны хоёрдугаар сард мэджээ. Түүнийг авахуулж эмчилгээ хийлгэсний дараа 2012 оны зун Ерөнхийлөгч бүрэн эрүүл боллоо гэж зарласан.
Түүнээс хойш Уго Чавес хавдрын төрлийн өвчнөөр шаналж буйгаа ч, өвчин нь ноцтой болох талаар ч ямар нэг мэдээлэл хийгээгүй.