БНХАУ иргэдийнхээ паспортыг шинэчилж буйгаа олон улсад мэдээлсэн. Шинэ паспортын зүүн дээд хэсэгт Филиппин, Энэтхэг, Вьетнам, Бруней, Малайз зэрэг орны нутаг дэвсгэрт харьяалагддаг болон маргаантай байдаг арал, газар нутгийг БНХАУ-ынх хэмээн тэмдэглэсэн газрын зургийг хэвлэсэн нь олон улсад маргаан дэгдээгээд байна. Тухайлбал, тус газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлууд болон Хятад, Энэтхэгийн хил орчмын бүсийг ч оруулжээ.
Дээрх улсууд үүнийг эсэргүүцэн мэдэгдэл хийгээд байгаа бөгөөд Вьетнам, Филиппин улсын Хилийн алба шинэ паспорт дээр виз болон хил нэвтрүүлэх тамга дарахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Хятад улс Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо болон Япон, Энэтхэг улстай нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд хатуу байр суурь баримталж ирсэн. Энэ санаагаа шинэ паспортдаа тусгасан нь ийнхүү хөрш зэргэлдээ улсуудыг нь бухимдуулаад байна.
Дашрамд дуулгахад, Хятадын тэнгисийн арлуудыг тойрсон газар нутгийн маргаантай асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэн, шийдвэрлэхийг АНУ уриалсан. Гэвч Бээжин үүнийг эрс эсэргүүцэж, сонирхогч орнууд буюу хоёр талын хэлэлцээрээр шийднэ гэсэн байр суурьтай байгаа.
Э.Хана