Хэмжээгээрээ Хятадад хоёрт ордог Ping An Insurance гэдэг даатгалын компани Ерөнхий сайд Вэнь Зябаогийн гэр бүлийн хөрөнгийн талаар шинээр өгүүлэл нийтэлснийх нь төлөө The New York Times сониныг шүүхэд өгчээ. Энэ талаар тус компани бичгээр мэдэгдэл гаргасан байна. Түүнд өгүүлснээр Ping An Insurance “Манай үйл ажиллагааны талаар олон түмэнд мэдээлэхдээ ноцтой алдаа гаргаж, баримтыг илт гуйвуулж, тэдгээрийг эх материалаас нь салган авсан, мөн логик уялдаагүй зүйл ч их” байгаад анхаарлаа хандуулсан байна. Мэдэгдэлд дээр өгүүлсэн сонины нэрийг дурдаагүй ч чухам түүнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтлэгдсэн өгүүллийн тухай ярьж буйг Хятадын даатгалын компанийн төлөөлөл мэдэгджээ.
The New York Times сонинд нийтлэгдсэн эхний өгүүлэлд Вэнь Зябаогийн ээж 2007 онд дээр өгүүлсэн даатгалын компанийн 120 сая ам.доллараар үнэлэгдэх хувьцааг эзэмшиж байсан гэжээ. Вэнь Зябаогийн гэр бүлийн орлогын талаар цуврал өгүүллийг 2012 оны аравдугаар сараас эхлэн нийтэлжээ. Хятадын Ерөнхий сайдын төрөл саднуудын хөрөнгө 2.7 тэрбум доллараар хэмжигдэх тухай өгүүлсэн эхний өгүүлэл нийтлэгдсэний дараа тус сонины англи, хятад хэл дээрх сайтыг хаасан байна. Вэнь Зябаогийн гэр бүлийн эрх ашгийг хамгаалагч өмгөөлөгчид энэ мэдээллийг няцаахдаа “Сониныг шүүхэд өгөх эрхийг хадгалж” буйгаа онцолсон байна.