Цас орсон өдөр юм бүхэн шинэ, тунгалагхан, тийм гэхийн аргагүй нэг л сайхан. Даан ч цасыг дагаж олон асуудал үүсдэг нь хэцүү. Машинтай явахад хэдэн цагаар түгжирнэ, явган явлаа гэхэд халтирч уначих гээд зовлонтой. Орсон даруйд нь арилгахгүй бол мөсөн гулгуур шиг болчихно. Арга ядахдаа хүмүүс гутлынхаа уланд шархны лент наана. Таяг тулна. Зүлгүүр наах ч бас муугүй л арга. Халтирахгүйн тулд энэ мэт янз бүрийн арга хэрэглэдэг. Байгууллагуудын гаднах шат, талбай, гудамж, явган хүний замыг өнгөт хэмээх гөлгөр гадаргуутай хавтангаар хийх болсон.
Манайх шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай, цас ордог оронд энэ хавтан яагаад ч тохирохгүй эд гэдгээ баталсаар буй. Гэсэн хэрнээ гудамж, талбайгаа хучсаар л байна. Цас орсны дараа энэ хавтан яг л мөсөн гулгуурын талбай аятай байдгийг тав алхсан ч машин хөлөглөдөг дарга нар мэдэхгүй байх л даа. Ийм хавтан хэрэглэдэг болсноос хойш унаж бэртсэн, хөл, гараа гэмтээсэн иргэдийн тоо хэд дахин нэмэгдсэнийг Гэмтлийн эмнэлгийн дүн бүртгэл бэлхнээ гэрчилнэ. Тэр дундаа хөгшид, хүүхдүүд гар, хөлөө хугалах нь ихэсчээ. Өнөөгийн байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 300-гаад хүн үйлчлүүлж байгаагийн 25-50 хувь нь халтиргаа гулгаанаас болж унаж гэмтсэн, 15-25 хувь нь осгосон, хөлдсөн, үлдсэн хувь нь бусад шалтгаанаар гэмтсэн хүмүүс байдаг.
Тус төвийн Яаралтай тусламж, үйлчилгээ эрхэлсэн захирал Р.Энхсайхан “Түлэнхийн төвийг татан буулгаж өвчтөнүүд нь манай эмнэлгийн 50 ортой тасагт чихэж, бид байлдааны нөхцөлд байгаа юм шиг л байна. Эмчилгээ, үйлчилгээ явуулахдаа Монгол Улсад мөрдөж байгаа стандарт, дүрэм журмыг баримтлах боломжгүй болсон. Халтирч унаснаас тэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна гэж хэлэхэд хүндрэлтэй. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ялангуяа анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх, унахдаа хүртэл зөв унах гэдэг ойлголтыг төлөв шүүлэх талаас нь сургалт явуулах, секц, дугуйланг олшруулах шаардлагатай” гэв. Тус эмнэлгийн хэд хэдэн тасгаар орж өвчтөнүүдтэй уулзахад халтирч гэмтсэн хүмүүс цөөнгүй байв. Чухам яаж яваад гэмтсэнийг лавлахад гудамжинд, байрныхаа үүдэнд, энэ тэр байгууллага руу орох гэж байгаад гэсэн хариулт өгч байв.
Аж ахуйн нэгж, байгууллага цасаа арилгаагүйгээс, халтирахааргүй орчин бүрдүүлээгүйгээс хүн унаж, гэмтсэн бол тухайн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Гэвч иргэд энэ тухай огт мэддэггүй гэсэн. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогтоос тодрууллаа.
-Аж ахуйн нэгж, байгууллага гаднах талбайнхаа цасыг цэвэрлээгүйгээс хүн халтирч гэмтэх, осол гарах тохиолдолд хор хохирлыг тухайн байгууллага хариуцдаг. Гол нь иргэд нотлох гэрчтэй байх хэрэгтэй.
-Хохирлыг 100 хувь барагдуулах уу?
-Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон гэмтлийн улмаас гарсан хохирлыг буруутай этгээд 100 хувь барагдуулна.
-Олон байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байдаг гэсэн?
-Албан байгууллага, аж ахуйн нэгжид байраа түрээс элсэн ерөнхий түрээслэгч хариуцлага хүлээдэг.
-Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цасыг арилгаагүйгээс хүн халтирч бэртсэн бол хэн хариуцлага хүлээх вэ?
-Тухайн дүүргийн тохижилт, үйлчилгээг хариуцдаг компани хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна. Түүн члэн орон сууцны байрны гад на талбайд халтиргаа, гулгаа тай байснаас хүн унаж гэмтвэл тухайн СӨХ хариуцлага хүлээх ёстой. Учир нь СӨХ гадна талбайгаа цэвэрлэх үүрэгтэй, мөн тэр зорилгоор оршин суугчдаас сар бүр мөнгө авдаг.
-Иргэн согтуу явж байгаад халтиргаатай замд унаж гэмтсэн бол хэрхэх вэ?
-Хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал. Тухайн талбайг эзэмшиг чийн 100 хувь буруу гэхгүй. Гэхдээ халтиргаа, гулгаа үүсгэж байгаа бол тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
-Байгууллага, аж ахуйн нэгж ойр орчмынхоо талбайн цэвэр лэгээг хариуцна гэсэн журам бий байх аа?
-НИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д үүнийг тодорхой зааж өгөөгүй байсан. Харин өнгөрсөн долоо хоногт НИТХын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хариуцна. Мөн тухайн байгууллагын эзэмшил газар нь хогтой, цастай байвал эзэмшиж байгаа газрынх нь эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж заасан.
-Цэвэрлэгээнд хэн хяналт тавих вэ?
-Дүүрэг бүрт Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс бий. Мэргэжлийн хянал тын хэлтэст торгох, шийт гэх, хариуцлага тооцох эрхтэй улсын байцаагчид ажиллаж байгаа. Манайхаас дүүргүүдийн дээрх хоёр хэлтэст хамтарсан Ажлын хэсэг гаргах үүрэг өгсөн. Тэд байгууллагуудыг орчноо цэвэрлэхийг шаардан, тодорхой хугацаа өгөх юм. Хэрэв энэ хугацаанд цэвэрлээгүй байвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Хог хаягдлын тухай хуульд “Хог, цасаа цэвэрлээгүй байгуул лага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин, иргэнийг нэгээс хоёр дахин нугалуулж төлүүлнэ” гэж заасан байдаг гэв.
Явган хүний зам, талбай байгуулахад тавих шаардлага нь хүний биед гэмтэл учруулахааргүй, халтирахааргүй, орчны тохижилт, барилгажилт, орон зай, өнгө үзэмжтэй зохицсон байх ёстой байдаг байна. Мөн хавтангийн гадаргуу нь хэт гялгар биш, халтирахааргүй, товгор хээтэй, эсвэл барзгар байна гэжээ. Холбогдох мэргэжилтнээс үүнд хэн хяналт тавьдгийг тодруулахад “Ингэж барьсангүй гээд хүний хувийн эзэмшилд халдах эрх бидэнд байхгүй” гэв. Халтирч унаарай гэж хавтан арай суулгадаггүй байл тай. Тэгэхээр барилга, тохижилтын ажил хийж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд хяналт тавих, стандартыг хангуулах нь төрийн үүрэг байх ёстой. Төр үүргээ биелүүлэхгүй байгаагаас монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх энэ мэт үнэгүйдсээр л байна.