Америкчууд Талархлын баяртай холбоотойгоор энэ сарын 23-нд “хар баасан” гариг “тэмдэглэв”. BBC-гийн мэдээлж буйгаар, уг баярын өмнө буюу “хар баасан” гаригт худалдааны төвүүд хамгийн завгүй ажилладаг аж. Дашрамд дурдахад, Талархлын баярыг америкчууд арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт тэмдэглэдэг учраас “хар баасан” гариг арваннэгдүгээр сарын 22-29-нд болдог байна. Судалгаагаар, “хар баасан” гариг болон хагас сайнд Америкт 147 сая (онлайнаар худалдан авалт хийсэн хүмүүсийг оруулахгүйгээр) хүн дэлгүүр хэссэн байх магадлалтай аж.
Сонирхуулахад, дээрх тоо өмнөх онд 152 сая байсан юм. Иймээс тус улсын дэлгүүрүүдэд “хар баасан” гаригийн өмнөх өдрийн шөнөөс эхлэн хямдрал зарладаг байна. Нью-Йорк дахь “Macy’s” их дэлгүүр нээгдэхээс өмнө 11 мянган худалдан авагчийн дараалал үүссэн байжээ. Тус улсын Үндэсний худалдааны холбооны мэдээлснээр, 11-12 дугаар сард жижиглэн худалдааны борлуулалт нь 4.1 хувиар өсөх тооцоо гарчээ. Энэ үеэр мөн онлайн худалдаа хийдэг аж ахуйн нэгжүүд жилийн орлогынхоо 40 орчим хувийг олох тохиолдол ч бий гэнэ.
“Forrester Research” компанийн тооцоолсноор, тэдгээр аж ахуйн нэгжүүд энэ онд 68.4 тэрбум ам.долларыг олохоор байгаа аж. Сонирхуулахад, энэ онд америкчууд Талархлын баярын үеэр зооглох цацагт хяруулын маханд 875 сая ам.долларыг зарцуулсан байж магадгүй гэнэ.