Италийн Засгийн газрыг нэг бус удаа тэргүүлж байсан Сильвио Берлускони 2013 оны Парламентын сонгуульд оролцохоо үгүйсгэсэнгүй. “Эрх чөлөөт хүмүүс” хэмээх зүүн төвийн намаас Ерөнхий сайдын суудалд өрсөлдөх боломжийг тэрбээр өнгөрсөн аравдугаар сард үгүйсгэж байсан юм. “Тоглоомын талбай дээр эргэж ирэх” талаар ямар байр суурьтай байгааг нь сэтгүүлчид сонирхоход, “Ийм хувилбарын талаар бодож байгаа” гэж хариулжээ. Намаа тэргүүлэхээс Берлускони татгалзах, эсэхээс намын дотор болох сонгууль хамаарах юм байна. Энэ сонгуулийг ирэх сарын 16- нд хийхээр төлөвлөж байсан ч “Хэрэв Берлускони эргэж ирэхээр шийдэх юм бол сонгууль одоо хийх боломжгүй” гэж намын нарийн бичгийн дарга Ангелино Альфано хэлжээ.
Одоогийн Ерөнхий сайд Марио Монтигийн явуулж буй төсвийг чанд хэмнэх бодлогыг дэмжих эсэх асуудлаар “Эрх чөлөөт хүмүүс” нам дотор зарчмын маргаан болж байгаа юм. 2008 онтой харьцуулбал тус намыг дэмжигчид хоёр дахин цөөрчээ. Эргэж ирэх тухай дохиог Берлускони анх удаа өгч байгаа юм биш. Бас “ирнэ” гэсэн амнаасаа буцах нь ч цөөнгүй. Татвараас зайлсхийсэн гэж Миланы шүүх үзэж Берлускониг дөрвөн жил хорих ял урьд нь ногдуулсан ч өршөөл үзүүлэх тухай хуулиар хугацааг нэг жил болтол хорогдуулсан. Итали улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар орогнож байсан Марокко улсын биеэ үнэлэгч Руби гэдэг насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон, тэр охиныг 2010 оны эхээр цагдаагийн байгууллагаас мөн хууль бусаар суллуулсан гэсэн хэрэгт Берлускониг буруутгадаг.
Охиныг 3000 евро хулгайлсан хэрэгт сэжиглэж баривчилсан ч Засгийн газрын тэргүүний биечлэн оролцоотойгоор хожим нь түүнийг сулласан юм. Энэ хэрэгт Берлускони буруутай нь тогтоогдвол 15 жил хоригдох ял эдлүүлнэ.