Аль Каида бүлгийн удирдагч асан Осама Бен Ладений шарилыг Мусульман шашны ёсоор оршуулсан талаар бичсэн Америкийн Тэнгисийн цэргийн флотынхны и-мэйлийг олонд ил болгожээ. Тус улсын усан цэргийнхэн өнгөрсөн оны тавдугаар сард Осама Бен Ладенийг хөнөөсөн бөгөөд оршуулгынх нь ажиллагаанд Тэнгисийн цэргийн флотын арав орчим удирдагч оролцсон гэнэ. Уг и-мэйлийг өнгөрсөн тавдугаар сарын 3-нд бичсэн байсан бөгөөд “Хэн нэгэн усан цэрэг шарилыг харсан уу?” хэмээн “USS” тэнгисийн флотын олон нийт хариуцсан офицер Карл Винсоноос Тэнгисийн цэргийн ерөнхий командлагч асуужээ. Карл Винсон нь Бен Ладений цогцсыг нисдэг тэргээр Пакистан руу хүргэж байсан хүмүүсийн нэг аж. Тэрбээр “Арав хүрэхгүй захирагч л энэ талаар мэдсэн. Нэг ч усан цэрэг хараагүй” хэмээн хариу бичжээ. Бас нэгэн и-мэйлд “Талийгаачийн биеийг угааж, цагаан даавуунд ороогоод уутанд хийдэг юм байна. Цэргийн офицерууд байлцаж, нутгийн хүн шашны үгсийг араб хэлнээс хөрвүүлэн уншсан. Түүнийг үгээ хэлж дууссаных нь дараа цогцсыг тэгшхэн тавцан дээр тавьж бэхлээд далайн усанд тавьсан” гэжээ. Цэргүүд захидалдаа мөн зарим нэгэн нууц үгийг ашигласан байна. Энэхүү захидлыг АНУ-ын Батлан хамгаалах яамны зөвшөөрлийн дагуу нийтэд ил болгожээ.