Бүгд найрамдах ардчилсан Конго улсад үйл ажиллагаа явуулж буй “Гуравдугаар сарын 23-ны хөдөлгөөн”-ийг тарахыг шаардсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гаргалаа. Энэ хөдөлгөөн Умард Киву мужийн засаг захиргааны төв Гома хотыг өнгөрсөн мягмар гаригт эзэлж авсан байна. Францын төлөөлөгчдийн бэлтгэсэн энэ баримт бичгээр уг хөдөлгөөний дайчдыг Гома хотоос бүрмөсөн гарч, мужийн гүн рүү хийж буй давшилтаа зогсоохыг шаарджээ.
Босогчид “жирийн иргэд, НҮБ-ын энхийг сахиулагчид, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд руу довтолж, хүний эрхийг зөрчиж, түүний дотор хүний амь хөнөөж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүдийг цэрэгт элсүүлж” байгааг тогтоолд тодорхой өгүүлжээ. Хээрийн цэргийн командлагч Инносент Каин, Баудуин Нгаруйе хоёрын нэрийг уг баримт бичигт дурдаад, тэднийг цэргийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн байна. Хөдөлгөөнийхөн гаднаас санхүү, цэргийн тусламж авч байна гэх мэдээлэл байгааг судалж үзэхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаас Аюулгүйн зөвлөл хүсээд, хэрвээ үнэн байвал “холбогдох арга хэмжээ” авахад бэлнээ илэрхийлжээ.
Хөрш Руанда улс энэ үйл явдалд тодорхой үүрэг гүйцэтгэж буй гэж Конгийн элчин сайд хэлсэн ч, энэ бүхнийг нотлох баримт байхгүйгээ тэрбээр нуусангүй. Босогчид хэдэн долоо хоног нам гүм байснаа өнгөрсөн лхагва гаригаас Гома хот руу довтолсон байна.