БНХАУ-ын Иргэний агаарын тээврийнхэн “General electric”-ийн охин компани болох “GE Capital Aviation Service”-тэй гарын үсэг зурснаар С919 онгоцыг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Тус улсын Гуандон мужийн Жухай хотноо өнгөрсөн 13-18-нд болсон Олон улсын нисэх хүчин болон нисэх хүчний үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн үеэр нийтэд мэдээлсэн байна.
С919 загварын зорчигч тээврийн онгоц нь нэг эгнээтэй, 168 хүний суудалтай бөгөөд их бие нь нарийхан гэнэ. БНХАУ-ын онгоц үйлдвэрлэгч “Comac” компанийн үйлдвэрлэх уг онгоцноос эхний ээлжинд “Хэбэй Эйрлайнс”, “Жой эйрлайнс” компанид тус бүр 20-ийг захиалаад байгаа аж. “GE Capital Aviation Service” компанийн тооцоолсноор 2031 он гэхэд дэлхийн улс орнуудад нийт 31739 шинэ онгоц шаардагдах гэнэ.
Үүний хамгийн өндөр хувь нь өмнөд хөршид ногдож байгаа юм байна. БНХАУ тэр үед 4273 онгоцны эрэлттэй байх нь. “С919” онгоц 2014 оноос нислэг үйлдэх бөгөөд “Эйрбус А320”, “Бойнг 737” онгоцуудын гол өрсөлдөгч байна хэмээн тооцоолж байгаа аж.
Р.ОЧ