Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа анх удаа Зүүн хойд Азийн оронд айлчлал хийлээ. Гурван өдрийн айлчлалын үеэр тэр Мьянма улсад түр саатсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь Б.Обама тус улсад айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж буй аж. Түүний айлчлалыг тохиолдуулан мьянмачууд АНУ-ын төрийн далбааг байшингийнхаа оройд хатгаж, “Тавтай морил, Барак Обама” гэсэн самбар барьсан хүүхдүүд замаар нэг эгнэсэн байхыг BBC онцлов.
Б.Обама тус улсад зургаан цаг саатахдаа Rangoon их сургуульд зочилж, илтгэл тавьсан байна. Энэ үеэр “Мьянмад олон жил ноёлсон харгис дэглэм халагдаж, энх тайван байдал эргэн ирснийг харахад таатай байна. АНУ цаашид танай улсад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн” хэмээн ярьжээ. Ажиглагчид түүний айлчлалыг Тиен Сиений тэргүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилготой гэж таамаглаж байна. Rangoon их сургуулиар зочилж, илтгэл тавьсны дараа хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Су Житэй уулзжээ.
Түүний гэрийн хорионд байсан байшинд Б.Обама зочилсон нь олон хүний сэтгэлд нийцсэн бололтой. “Мьянмад шударга ёс дарлагдаж байх хүнд хэцүү үед халуун гараа сунгасан Б.Обама болон эгэл жирийн америк иргэдэд талархаж буйгаа илэрхийлье” хэмээн Аун Сан Су Жи ярьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн айлчлалыг Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дагалдсан бөгөөд тус улсад 170 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Т.ЖИГҮҮР