Ням гаригийн шөнө Израилийн Агаарын цэргийн хүчин Гаазын зурваст ээлжит цуврал цохилтоо өгөв. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхний ажиллаж байсан байр цохилтод өртсөн байна. Ноцтой хохирол амссан уг байшинд “ХАМАС” бүлэглэлд ойр гэгддэг “Аль-Курдс” телекомпани байрлаж байсан аж. Associated Press агентлагийн тодруулснаар бол Италийн телевизийн RAI сувгийн Палестиний редакц, Германы ARD болон Kuwait-TV бас байрлаж байжээ. Палестиний талын мэдээлснээр зургаан сэтгүүлч шархадсан аж.
Израилийн Агаарын цэргийн хүчин Гаазын зурвасын умард хэсэгт хоёр удаа дайралт хийснээс хоёр хүн амиа алдаж, арван хүн шархадсан байна. ХАМАС хөдөлгөөний эсрэг ажиллагааг Израилийн тал Гаазын зурваст энэ сарын 14-нөөс эхэлсэн юм.Үүнээс хойш Израилийн зүгээс нийтдээ 950 удаа агаарын довтолгоон хийжээ. ХАМАС-ын албан байр болон зэвсгийн агуулахыг устгах нь Израилийн энэ ажиллагааны үндсэн зорилго байв. Палестиний эмч нарын үзэж буйгаар ням гаригийн өглөөний байдлаар 48 палестин иргэн амь үрэгдсэн, 450 гаруй нь шархадсан аж. Зөрчилдөөнт талуудын аль алинтай нь байнга холбоотой байгаа Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси энэ сарын 17-ны орой мэдэгдэхдээ, ойрын үед эвлэрэлд хүрч магадгүй гэх шинж тэмдэг байгаа гэжээ. Тэгэхдээ галаа даруй зогсооно гэх яв цав нотолгоо байхгүй гэж бас хэлжээ.
Арабын орнуудын лигт оролцогч улсуудын Гадаад хэргийн сайд нар бямба гаригт уулзаж бий болсон нөхцөл байдлыг хэлэлцсэн аж. Тэгээд Палестиний ард түмэнд эв санааны нэгдлээ илэрхийлэн Гаазын зурваст ойрын үед очно гэж Лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдсэн байна.