Хятадын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, удахгүй БНХАУ-ын дарга болох гэж буй Си Зиньпиний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
Си Зиньпин 1953 онд Шаньси мужид төрсөн бөгөөд Соёлын хувьсгалын үеэр сая сая оюутан хөдөө илгээлтэд гарахад тариалангийн талбайд ажиллаж байгаад, 1974 онд Коммунист намд элсжээ.
Эцэг Си Жунсюнь нь Коммунист намын дээгүүр албан тушаалтан байгаад 1956 онд Маогийн явуулгаар хэлмэгдэж, улс төрийн карьераа дуусгажээ. Гэвч түүнийг 1970 онд цагаатгасан байна.
Сигийн эхнэр Пэн Лиюань Ардын чөлөөлөх армийн дуучин гэнэ. Хэрэв ирэх гуравдугаар сард Си Зиньпин БНХАУ-ын дарга болбол Пэн Лиюань тус улсын түүхэнд урлагийн мэргэжилтэй хоёр дахь Тэргүүн хатагтай болох нь. Мао Зэдуны гэргий урлагийн хүн байжээ.
Тэр 1975 онд Цинхуа их сургуулийн химийн инженерийн ангид элсэн ороод удалгүй оройн цагаар Марксист онол, улс төрийн боловсрол эзэмшиж, докторын зэрэг хамгаалсан аж.
Дэн Сяопин, Ху Жинтао нарын адилаар Си Зиньпин хүүхдүүдээ АНУ-д сургаж буй. Түүний охин Си Минзе 2010 оноос Харвардын их сургуульд нууц нэрээр элсэн суралцаж буй гэнэ.
1992 онд Фузяан аймагт ажиллаж байх үедээ тэрбээр Элизабет Гарднер хэмээх америк бүсгүйтэй танилцжээ. Тэр бүсгүй багадаа Фузяаны Гулин гэх газарт амьдарч байсан бөгөөд хуучин байшингаа хайж буйгаа түүнд ярьжээ.Өнгөрсөн хоёрдугаар сард Си Зиньпин Элизабетийг олж уулзсан бөгөөд тэр бүсгүйн түүхээр “Guling in my dream” нэртэй кино хийж байгаа гэнэ.