Нацист мэндчилгээ, гуравдугаар Рейхийн бэлгэ тэмдгийг хэрэглэх болон нацизмыг цагаатгах явдлыг тэрс үзэлтэй адилтгахаар ОХУ-ын Эрүүгийн хуулийн 282 дугаар зүйлд өөрчлөлт оруулах болсон тухай “Известия” сонин өчигдрийн дугаартаа мэдээлжээ. Хүний нэр төрийг гутаасан бол 100 мянган рублиэр торгох болон хоёр жил хүртэл хугацаагаар хорихоор Эрүүгийн хуулийн дээрх зүйлд заасан байдаг аж. “Известия” сонины сурвалжлагчид төсөл санаачлагчдын нэг К.Добры нины ярьснаар бол “нацизм”, “нацизмыг цагаатгах, “нацистын гэмт хэрэгтэн”, “нацистын гэмт хэрэгтнийг магтан хөөргөх”, “нацистын бэлгэ тэмдэг” гэх мэт ойлголтыг хуульд нарийн тодорхойлж өгөх юм байна.
Эрдэм шинжилгээний болон уран сайхны үйл ажиллагаа, уран зохиол түүнчлэн ойр хавьд нь хас тэмдэг байлгах хийгээд аливаа ёслол үйлдэхгүй бол оршуулах ажилд хуулийн энэ заалт хамаарахгүй гэж Добрынин хэлжээ. “Сүүлийн 20 жилд энэ асуудалд ерөөс зохих анхаарал тавиагүй юм. Тэгсэн чинь нацистууд дэргэд минь байх болж, уг сэдэв ч ердийн юм болсон байна” гэж Добрынин өөрийнхөө санаачилгад өгсөн тайлбартаа өгүүлжээ. Баримт болгож тэрбээр “Оросын марш” хэмээх арга хэмжээг нэрлэсэн байна. Тэр арга хэмжээний үеэр гараараа нацист мэндчилгээний хөдөлгөөн хийсэн, СС-ийн тусгай хувцастай 25 хүнийг баривчилжээ.
ОХУ-ын Төрийн Думийн Үндэстний асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүн Михаил Маркелов “Известия” сонинд өгсөн тайлбартаа депутатуудын бодол санааг сайшаасан байна. Мөн “Майн кампф” мэтийн “тусгай бүтээл”, нацизмыг эерэг талаас нь харуулахыг оролдсон номыг түгээхийг хориглохыг тэрбээр бас санал болгожээ.