Израилийн Агаарын цэргийн хүчин Гаазын зурваст цохилт өгсөн талаарх асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл лхагва гаригт яаралтай хуралдаан хийж хэлэлцэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан хийснээр Ойрхи Дорнодод түгшүүртэй байдал даамжрахыг зогсоох, зөрчлийг шатлан өргөжүүлэхгүй байхад тус дэм болно гэдэгт найдаж буйгаа НҮБ-д суугаа Энэтхэгийн элчин Сингх Пури илэрхийлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн өмнө үг хэлсэн Палестинийн автономийн төлөөлөгчид цэрэг дайны ажиллагаагаа зогсоохыг Израилиас шаардсан шийдвэр гаргахыг хүссэн аж.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси нартай утсаар ярьснаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дээр өгүүлсэн яаралтай хуралдааны өмнө сэтгүүлчдэд мэдээлжээ. Нетаньхутай ярихдаа Бан Ги Мүн Израилийн нутаг дэвсгэр рүү гал нээх, Израилийн Агаарын цэргийн гаазын зурваст цохилт өгч буйн аль аль нь “нөхцөл байдлыг дордуулж байгаад сэтгэл зовниж буйгаа” илэрхийлсэн байна. Израилийн авч буй хариу арга хэмжээ хэмээс хэтрэхгүй бөгөөд, дахин цус урсгахад хүрэхгүй гэдэгт найдаж буйгаа ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бас илэрхийлжээ.
Гаазын зурваст Израилийн Агаарын цэргийн хүчин цохилт өгөх үеэр ХАМАС бүлгийн цэргийн жигүүрийн удирдагчийн орлогч Ахмад Жабари алагдсан аж. Ахмад Жабари амиа алдсан нь тодорхой болсны дараа Гаазын зурвасын нутаг дэвсгэрээс Израиль руу 55 орчим пуужин харважээ. Энд болсон үйл явдлын эргэн тойрны асуудлыг хэлэлцэхээр Арабын орнуудын Лиг энэ сарын 17- нд хуралдах гэнэ. Ийн хуралдахыг Палестинийн автономийн тэргүүн Махмуд Аббас сэджээ.