Хятадын Коммунист нам (ХКН)- ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Си Зиньпинийг сонгов. 2002 оноос энэ албан тушаалыг хашсан Ху Жинтао ийнхүү халаагаа өглөө. Си Зиньпин түүнчлэн БНХАУын дарга (Ерөнхийлөгч)-ын албыг Ху Жинтаогоос бас хамтад нь авах аж.
Түүгээр ч барахгүй Си Зиньпин Хятадын Цэргийн төв Зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэх юм. Ху Жинтаогийн өмнө байсан Зян Зэминь Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУын даргын албыг өгснөөсөө хойш хоёр жилийн хугацаанд Цэргийн төв зөвлөлийг удирдсаар байсан.
ХКН-ын Төв Хорооны шинэчилсэн бүрэл дэхүүнд Ли Кэзян орсон байна. Түүнийг ирэх оны гуравдугаар сард Засгийн газрын тэргүүнээр буюу Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар томилохоор зэхэж байна. Энэ албан тушаалд одоо Вэнь Зябао ажиллаж буй. 2013 оны гуравдугаар сард болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал (Хятадын Парламент)-аар сайшаан дэмжсэний дараа Си Зиньпин, Ли Кэзян нар шинэ албаа хашиж эхлэх юм. Энэ хоёр хүн ойрын 10 жилд улс орноо жолоодох “тав дахь үеийн” гэж нэрлэгдэж буй удирдагчид юм.
2012 оны арваннэгдүгээр сарын 8-14- нд Бээжин хотноо болсон ХКН-ын XVIII их хурал Төв хорооныхоо шинэ бүрэлдэхүүнийг сонголоо. Төв хороо урьд нь есөн хүнтэй байсан бол сая долоон хүнийг сонгов. Төв хорооны гишүүдийг ингэж цөөлөхийг улстөрчид урьдчилан таамаглаад байсан билээ. Тэдгээр таамаглалын нэгээр нь бол ХКН доторхи фракцуудын тэмцэлтэй холбоотойгоор Төв хорооны гишүүдийг цөөлсөн бололтой. Харин Хятадын эрх баригчид энэ талаар албан ёсны ямар нэг тайлбар хийгээгүй байна.
ХКН-ын Төв хорооны шинэ бүрэлдэхүүнд дээрх хоёроос гадна Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чан Дэзян, Цишань, Төв Хорооны суртал нэвтрүүлгийн хэлтсийн эрхлэгч Лю Юньшань, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Чэншэн, Тянзинийн намын хорооны нарийн бичгийн дарга Чан Гаоли нар багтжээ.
Р.ЖАРГАЛАНТ