Ирэх дөрвөн жилд улсаа удирдах хүнийг саяхан томилсон америкчууд дахин нэг сонголтын тухай ярилцаж эхлэв. 2016 онд Б.Обамаг хэн залгамжлах вэ. Энэ асуултын хариу хоёр сонгуульд дараалан ялагдсан Бүгд Найрамдах намын толгойн өвчин болж байгаа бол Ардчилсан нам Б.Обамаг залгаж чадах хүчтэй улстөрчийг эрэлхийлж эхэлсэн тухай “Newsweek” мэдээлэв. Бүгд Найрамдах намыг төлөөлж 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн нь Жорж Бушийн хүү Жеб Буш хэмээн хэвлэлүүд бичих болов.
Флорида мужийн захирагчаар ажиллаж байсан тэрбээр намын ирээдүйтэй залуу боловсон хүчин гэдгийг олон эх сурвалж баталж байгаа. Гэвч америкчууд Бушийн удмын гурав дахь үеийн төлөөллийг ерөнхийлөгчөөр сонгох эсэх нь эргэлзээтэй. Өдгөө 59 настай энэ эр өөрөө бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа хэдийнэ илэрхийлсэн. Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, ялагдал хүлээсэн Жон Маккайн, Митт Ромни нар хоёул дахин “сунгаа”-нд орохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр хэрэв Жеб Буш биш бол Нью Жерси мужийн амбан захирагч асан Крис Кристи, өнгөрсөн сонгуульд намаасаа дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Пол Райн, сенатор Рик Санторум, Марко Рубио нар нэр дэвших хамгийн магадлалтайд тооцогдож байна. Тэгвэл Ардчилсан намаас Б.Обамагийн буухиаг хэн үргэлжлүүлэх бол. Экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон байх болов уу гэж цөөнгүй шинжээч таамаглаж байгаа юм байна.
АНУ-ын анхны өнгөт арьст төрийн тэргүүнийг төрүүлсэн тус намаас анхны эмэгтэй ерөнхийлөгч тодрохыг үгүйсгэх газаргүй. Клинтоны гэр бүлд ойр нэгний яриагаар бол Хиллари өөрөө ч ирэх сонгуульд өрсөлдөх бодол тээж байгаа аж. Хэрэв Х.Клинтон нэр дэвшихээс татгалзвал АНУ-ын одоогийн дэд ерөнхийлөгч Жо Байденийг санал болгож магадгүй. Учир нь саяын сонгуулиар түүний нэр хүнд нэлээдгүй өндөр байсныг шинжээчид онцолж байна. Түүнчлэн Флорида муж дахь сонгуулийн кампанит ажлын үеэр “Ирэх сонгуульд миний төлөө саналаа өгөөрэй” хэмээн гэнэ алдаж хэлсэн үгийг нь АНУ-ын хэвлэлүүд өлгөх болов.
Т.ЖИГҮҮР