Катарын нийслэл Дохад Сирийн босогчид уулзлаа. Тэд сөрөг хүчнийхний нэгдсэн эвсэл байгуулж, тэргүүнээр нь шашны зүтгэлтэн Ахмед аль-Хатибыг сонгосон тухай “Аль-Жазира” уламжлав. Сөрөг хүчний нэгдсэн эвсэлд Сирийн үндэсний зөвлөл, босогчдын хэд хэдэн бүлэглэл багтсан байна.
Сирид нэлээд удаан хугацаанд оршин тогтносон Үндэсний зөвлөл зарим нэг зүйл дээр босогчид болон бусад бүлэглэлтэй санал нийлдэггүй ч энэ удаад тэдэнтэй нэгдэхээр шийджээ. Гэхдээ сөрөг хүчний бусад бүлэглэлтэй нэгдсэн ч өөрийн үзэл баримтлал, зарчмаасаа ухрахгүй гэдгээ Үндэсний зөвлөл мэдэгдэж буй.
Сөрөг хүчний нэгдсэн эвсэл босогчдын үйл ажиллагааг чиглүүлэх, тэдний мэдэлд орсон мужуудыг удирдах үүрэгтэй аж. Эвслийн тэргүүн Аль-Хатиб Дамаскаас гурван сарын өмнө гарсан билээ.
Х.ОД