Чилийн Вильярик галт уулын орчимд сураггүй алга болсон орос, франц, итали жуулчдыг эрэн хайх ажиллагаа тав дахь хоногтоо үргэлжилж байна. 32 настай орос эр Дмитрий Сивенков, хоёулаа 25-тай франц, итали залуу Гийем Бейон, Лука Ольенго нар энэ сарын 7-ны өглөө нэг өдрийн аялал хийхээр галт уулыг зорин гарснаас хойш сураг алдарсан юм. Тэр өдрийнхөө орой Сивенков найз бүсгүй рүүгээ утасдаж “Харанхуй болж эхэлж байгаа тул эндээ хонохоор шийдлээ” хэмээн мэдээлсэн байна.
Харамсалтай нь уг шөнөөс эхлэн цаг агаарын байдал таагүй болж, ихээхэн хэмжээний цас оржээ. Тиймээс тэднийг цасанд дарагдсан байх гэж таамаглаж байгаа юм. Итали залуугийн гэр бүлийнхэн нисдэг тэрэг хөлсөлж, Чилийн аврагчидтай хамт ажиллаж байгаа гэнэ. Дмитрий Сивенков Чилид амьдардаг, нэлээд туршлагатай аялагч бөгөөд Бейон, Ольенго нар түүний найз нь гэнэ. Вильярик 2857 метр өндөр, “идэвхтэй” галт уул аж. Хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байжээ. Уг галт уулыг үзэхээр жилд дунджаар 15.000 жуулчин ирдэг байна.