Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгч боллоо. Италийн Ром хотод болсон Интерполын ерөнхий ассамблейн хурлаар Францын цагдаагийн комиссар Мирей Балестраззийг томилжээ. М.Балестраззи нь 1975 онд цагдаагийн комиссар болсон бөгөөд Францын Бордо, Корсикийн зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээтэй тэмцсэнээрээ нэрд гарсан юм. Тухайлбал, 1990 онд дээрх мужуудад гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд зөрчил үүссэн, тайван бус байхад тэрбээр цагдаагийн хэлтсийг тэргүүлж байсан аж. Одоогоос хоёр жилийн өмнөөс тэрбээр Интерполын Европыг хариуцсан хэсгийн гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлсэн. Францын Дотоод хэргийн сайд Манюэль Вальс “Мирей Балестраззи бол манай цагдаагийнхны бахархал болсон эмэгтэй” хэмээн онцолсон байна. Өмнөд болон Зүүн Европын мафийнхан, хар тамхины наймаачидтай тэмцэж байсан ажлын туршлага нь одоо түүнд хэрэг болно хэмээн ажиглагчид үзэж буй.