Гватемалд газар хүчтэй хөдөлсний улмаас 39 хүн амиа алдсан тухай ВВС мэдээллээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт 7.2-7.4 магнитудын хүчтэй, голомт нь тус улсын нийслэлээс баруун зүгт 191 км-т байжээ. Төрийн тэргүүн Перес Молинагийн өгүүлснээр, СанМаркос мужийнхан газар хөдлөлтөд илүү хохирол амссан бөгөөд тэнд 29 хүн нас барж, 155 хүн бэртэж гэмтжээ.
Мөн 100 орчим хүн сураггүй болсон тул хохирогчдын тоо цаашид өсөж магадгүй байна. Гватемалд газар хөдөлсний дараа хөрш Никарагуад цунами болж магадгүйг анхааруулжээ. Гамшигт өртсөн бүсэд цахилгаан тасарч, ундны усны дутагдал үүсчээ. Дэд бүтэц, зам эвдэрсэн ч зарим тосгон сууринд автомашин очих боломжтой байгааг аврагчид онцолж буй. Ерөнхийлөгч Перес Молина газар хөдөлсөн бүс дээгүүр нисдэг тэргээр нисэж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд иргэд, төрийн албан хаагчдад хандан хохирогчдод тусламж үзүүлэхийг уриаллаа.
Гамшгийн бүсэд одоогоор цагдаа, цэргийн 2000 ажилтан ажиллаж байна. Гватемалд дахин газар хөдөлж болзошгүй учир бүх нийтэд энэ талаар анхааруулж, хууль сахиулагчид, аврагчид бэлэн байдалд ажиллаж буй. Дашрамд өгүүлэхэд, 1976 онд тус улсад 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 25 мянган хүн амиа алдаж байсан юм.