Хятадын Коммунист Намын XVIII их хурал Бээжин хотод өчигдөр эхэллээ. Ардын хурлын ордонд эхэлсэн хурлыг Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао нээж, илтгэл тавьсан тухай “Синьхуа” уламжлав. Зян Зэминь, У Банго, Вэнь Жябао, Ли Чанчунь, Си Зиньпин зэрэг улс төрийн зүтгэлтнүүдээс гадна сонгогдсон, тусгайлан уригдсан 2300 төлөөлөгч хурлын нээлтэд байлцжээ. Сүүлийн таван жилд нэг удаа болж буй энэ хурлаар намын шинэ удирдлагыг сонгох юм.
Коммунист Намын Төв Хорооны ажлын талаар тайлагнах, XVII их хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар шалгах, намын тунхаг бичигт нэмэлт оруулах зэрэг асуудлыг энэ хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Ху Жинтао нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн хурал манай ард түмний хувьд онцгой үйл явдал болох болно. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хандлагыг тодорхойлох, намын тавдугаар үеийн удирдлагыг сонгох, өөрчлөлт хийх, ил тод байдлыг буй болгох зэрэг чухал асуудлыг хэлэлцэнэ.
Манай нам 90 гаруй жилийн турш ард түмнийг араасаа дагуулан, буурай, хоцрогдсон орныг шинэ Хятад болгосон” хэмээн онцолжээ. Мөн дэлхий дахинд хийгээд Хятадад, Коммунист намын дотор томоохон өөрчлөлтүүд явагдаж байгааг тэрбээр өгүүлсэн байна.
Х.ОД