АНУ даяар арваннэгдүгээр сарын 6-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. CNN агентлагийн мэдээлснээр, одоогийн Төрийн тэргүүн, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама мужуудын Сонгуулийн коллегийн 538 саналын 50-иас дээш хувь буюу 303 санал авснаар ялалт байгууллаа.
Харин түүний өрсөлдөгч, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни 206 санал авсан байна. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа Барак Обама “Twitter” дэх өөрийн хуудсандаа сонгогчдодоо хандан талархал илэрхийлсэн бөгөөд “Та бүхний хүчээр ийм зүйл болсон. Баярлалаа. Бид хамтдаа” хэмээн бичжээ.
Митт Ромни ялагдсанаа хүлээн зөвшөөрч, Барак Обама руу утас цохин баяр хүргэснийг АР уламжлав. Саналын хуудсыг тоолох ажиллагаанд CNN, Fox, NBC, CBS болон АР зэрэг томоохон медиа холдинг оролцсон байна. Сонгуулийн нэгдсэн дүнг саналын бүх хуудсыг тоолж, Төрийн нарийн бичгийн дарга шалгасны дараа арванхоёрдугаар сарын 17-нд албан ёсоор нийтэд зарлана.
АМЕРИКЧУУД СОНГУУЛЬД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО
АНУ-ын ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуульд тун идэвхтэй оролцсоныг ажиглагчид онцлов. Санал өгөх хэсгүүдэд урт дараалал үүсч, саяхан хар салхинд өртсөн мужийн оршин суугчид ч Төрийн тэргүүнийг сонгох ажилд хариуцлагатай хандсан байна. Мичиган мужийн оршин суугч, өндөр настан санал хураах хэсэгт ухаан алдсан, төрөхөөр дуншиж буй бүсгүй ч иргэний үүргээ умартаагүй талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээллээ. Сонгогчдын эрхийг хамгаалах байгууллага, сайн дурын ажиглагчдын мэдээлж буйгаар, санал хураалтын өдөр 35 мянган иргэн санал, гомдол ирүүлсний дийлэнх нь сонгуулийн хэсэгт урт дараалал үүссэнийг онцолсон аж.
Зарим муж, хотод хүмүүс саналаа өгөхийн тулд хэдэн цагаар хүлээж зогссон байна. Тухайлбал, АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Делавэр мужийн Гринвилл хэмээх сууринд саналаа өгсөн бөгөөд тэрбээр гэр бүлийнхээ хамт мөн л дараалалд зогсссон гэнэ. Түүнээс гадна Ардчилсан намынхныг дэмждэг Филадельфи мужид Бүгд найрамдах намын төлөөлөгчид 75 ажиглагчийг санал хураах хэсгээс тодорхой шалтгаангүйгээр гаргажээ. Ажиглагчдыг сонгуулийн хэсэг рүү эргүүлэн оруулахад хууль сахиулагчид оролцсон байна. Санал хураах цахим системд саатал гарч байсныг ч сонгогчид мэдэгдэж буй. Нэр дэвшигч Барак Обамагийн төлөө саналаа өгөхөөр завдахад автомат машин түүний өрсөлдөгч Митт Ромнийн төлөө саналыг авч байсан бичлэг ч интернэтэд тавигджээ. Мөн саналын хуудсыг хүлээн авч буй сканнерууд эвдэрсэн гэх гомдол ч гарч байна.
ӨМНӨДИЙНХӨН МИТТ РОМНИЙГ ДЭМЖЖЭЭ
Төрийн тэргүүнд нэр дэвшигчдийн рейтинг ойролцоо байсан нь сонгуулийг өрсөлдөөнтэй, ямар нэгэн таамаг дэвшүүлэхийн аргагүй болгож байсан. Ардчилсан болон Бүгд найрамдах намыг дэмжигч мужийнхан сонгуульд аль аль нь өмнөхөөс илүү идэвхтэй оролцлоо. Аль муж хэний төлөө саналаа өгснийг одоо сонирхъё. Уламжлалт үзлийг баримтлагч өмнөдийнхөн буюу Техас, Өмнөд ба Хойд Дакота, Луизиана, Канзас, Вайоминг, Небраска, Индиана болон Өмнөд Каролина мужийнхан Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнийн төлөө саналаа өгчээ.
Харин Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обамагийн төлөө зүүн болон баруун эргийн муж Коннектикут, Мейн, Делавер, Мэриленд, Нью-Йорк, Калифорни, Айова, Вашингтон, Хавайнхан саналаа өглөө. Харин завсрын буюу аль ч намд нь саналаа өгч магадгүй, алийг нь дэмжих нь тодорхойгүй байсан Флорида, Виржини, Охайо мужийнхан сонгуулийн дүнд төдийлэн нөлөөлсөнгүй.
Митт Ромнийн багийнхан Пенсильванид ач холбогдол өгч, сурталчилгаандаа анхаарсан ч талаар өнгөрч тус мужийнхан өрсөлдөгчийг нь сонгов. Түүнчлэн Иллинойс ч Б.Обамаг сонгожээ. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцсэн Конгрессийн сонгуулийн урьдчилсан дүн гарч байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Бүгд найрамдах намынхан Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авсан бол, Сенатад Ардчилсан намынхан зонхилох нь.
Б.ОБАМА: САЙН ЦАГ ИРНЭ
Ирэх дөрвөн жилд АНУ-ыг удирдах нь тодорхой болоод буй Барак Обама “Сайн цаг ирнэ” хэмээн ард түмэндээ хандаж мэдэгдлээ. Тэрбээр төрөлх Чикаго хотдоо сонгогчдын өмнө хэлсэн үгэндээ “Бид өгөөмөр, тусч, илүү сайхан Америкийн төлөө ажиллана” хэмээн онцолсныг ВВС уламжлав. Ардчилсан нам төсвийн алдагдлыг багасгах, цагаачлалын бодлого, татварын тогтолцоог шинэчлэхийн тулд Бүгд найрамдах намынхантай хамтарч ажиллана гэдгийг тэрбээр онцолжээ. Улиран сонгогдсонтой нь холбогдуулан Европын холбоо, Их Британи, Франц, ХБНГУ-ын эрх баригчид Б.Обама баяр хүргэлээ. Дашрамд сонирхуулахад, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэдэг нь бараг тодорхой болох үед Барак Обама “Дахиад дөрвөн жил” хэмээн “Twitter”-т бичсэн юм. Эл бичлэг уг бичил блогийн түүхэнд байгаагүй олон хандалт, дагалт авсныг “The Guardian” мэдээлжээ. Өчигдөр өглөө бичсэн эл өгүүлбэрт 22 минутын дотор 458 мянган “жиргээч” хариу бичиж, 158 мянган хүн “сонгосон бичлэг”-тээ оруулсан байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЮУ ХИЙХ ВЭ
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сарын 30-нд тангараг өргөнө. Дөрвөн жилийн өмнө сонгогдсон Б.Обама дахин дөрвөн жил тус улсыг удирдах болсон нь өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төсвийн зардал, татварын системийн шинэчлэлээ үргэлжлүүлэх, үр дүнг нь үзэх бололцоог олгож байна. Түүнчлэн батлан хамгаалах болон нийгмийн салбарт хэрэгжүүлж буй олон тооны төслөө үргэлжлүүлэх эсэхээ ойрын хугацаанд шийдэх боллоо. АНУ-ын өр нэмэгдсээр байгаа учир өрийн ачааллыг дахин дээшлүүлэх эсэх ч шинэ Ерөнхийлөгчийн шийдэх асуудлуудын нэгд багтаж буй. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг дотоод асуудлаас гадна, Афганистаас цэргээ гаргах, Ираны цөмийн хөтөлбөр, Израилийн аюулгүй байдлыг хангах, Сирийн зөрчил зэрэг олон улсын асуудалд АНУ-ын хандах байр суурийг тодорхойлох нь.
Х.ОД