Цюрих (Швейцар)-ийн амьтны хүрээлэн Европт шилдгийн тоонд ордог. Ялангуяа тэнд байгаа амьтад хийгээд орчных нь байдалд анхаарал тавих талаараа үлгэрлэдэг юм. Усны шувууд болоод хүрэн баавгай, чоно, хулсны баавгай, цасны ирвэс, бар зэрэг махчин амьтанд зориулж сүүлийн жилүүдэд шинэ "сууц" барьсан байна.
Амьтдыг одоо торон дотор биш, тухайн амьтны байгальд амьдардаг орчинд нь аль болох дөхүүлсэн байранд байлгах болжээ. Хамгийн аятайхан нь Масоалын ширэнгэ ой аж. Энд Мадагаскарын халуун орны ойн амьтан, ургамлын ертөнцтэй танилцаж болно.
Цюрихийн амьтны хүрээлэн 300 төрөл зүйлийн 2000 амьтантай. Хүүхэд, залууст зориулсан хэсэгт нь хөдөө аж ахуйн амьтад голлоно. Үзэгчид ч тэднийг гараараа илж, тэжээл өгч, арчилж болно. Илүү тодорхой болгохын тулд тус хүрээлэнгийн Евразийн хэсгээс нь эхэлье.
Одоо цагт амьтны хүрээлэнг үүддээ байлгах гэж улс орнуудын хичээдэг хамгийн үнэ хүндтэй амьтан нь хулсны баавгай. Хар, цагаан өнгө хослуулсан энэ ховор амьтан Хятадаас гаралтай бөгөөд тэндхийн үндэсний баялаг гэж тооцогддог. Хятадын Засгийн газар түүнийг бусад оронд худалдахыг удаан хугацааны туршид татгалзаж байснаа асар өндөр үнээр зарах болсон юм. Тухайлбал, Австрийн Вена хотын амьтны хүрээлэн хулсны нэг баавгайг нэг сая еврогоор авсан удаатай. Одоо байдал өөр болж, тоо толгойг нь өсгөхийн тулд хулсны баавгайг гадаад орнуудад түрээсээр өгөх боллоо. Тэднийг үржүүлэх ажилд эрдэмтэд ч оролцох болж байна. Бантенг гэдэг бух бас их ховор амьтан. Гадаад төрхөөрөө үхрийг санагдуулах ч, түүнийг нэлээд хожуу Бали арал дээр гаршуулсан юм байна. Бантенг нь зэрлэг тахиатай ихэд "дотно" нөхөрл өж байсныг зоологчид бичиж тэмдэглэсэн байдаг.
Жишээлбэл, залуухан эр тахиа нэгэн эм бантенгийн шилэн дээрх шархыг цэвэрлэдэг байсан тохиолдол бий гэдэг. Тэгэхэд бантенг үнээнд зовиуртай байсан ч дуулгавартай гэгч нь толгойгоо газар тавин өгч "үйлчлүүлж" байсан гэнэ. Өрөм мэт эрчилсэн урт эврээрээ гөрөөс энд гайхуулах мэт толгойгоо өргөн зогсоно. Уран сайхан бие цогцос, арагш, дээш сэрийсэн эврээрээ тэр салаа туурайтай бусад амьтдаас ялгарч харагдана. Эр, эм газель гөрөөс өөр өөр өнгөтэй. Эр нь хар хүрэн зүстэй, заримдаа хар фрак өмссөн мэт харагдана. Тэгвэл эм нь алтан шаргал "даашинзтай" байна. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд дунд "гадаад байдлаараа үнэ цэнтэй амьтан" гэсэн агуулгатай үг хэллэг байдаг аж. Үс сайхантай, нүд томтой амьтдыг ингэж хэлдэг байна.
Үзэгчдийн сонирхлыг ч тэд их татна. Түүнээс гадна бие томтой заан, хамар дээрээ эвэртэй хирс, усны үхэр, эсвэл өвөрмөц өнгө, хэлбэртэй амьтад бас их үнэлэгдэж хүндлэгдэнэ. Бар арслан, сармагчин болон ховор шувууд энэ амьтны хүрээлэнгийн чимэг болдог. Эндээс хэдхэн алхаад амьтны хүрээлэнгийн Африкийн хэсэгт хөл тавина. Эвэрт хирсний цагаан, хар гэсэн хоёр төрөл байна. Тэгэхдээ хирсний өнгө тун харьцангуй, хар гээд байгаа хэрнээ ер хар биш, цагаан гээд байгаа нь ч ялгаагүй. Үндсэндээ бол ямар өнгийн шороо, шавартай хутгалдаж байна гэдгээс хамааралтай. Хирс ингэж заваарах тун дуртай. Зүүн Африкт байдаг хар хирс устахын даваан дээр байна гэж Дэлхийн байгаль хамгаалах холбооны мэргэжилтн үүд үздэг. Тэд гурван жилийн өмнө Камерун улсын хойт нутагт очиж энэ амьтан байгаагийн ул мөрийг хайжээ.
2500 км зам туулж, урьд нь хар хирс байсан 48 газраар орсон аж. Гэвч тэдгээрт хар хирс байгаа гэх ямар ч шинж тэмдэг олоогүй гэдэг. Хүүхдүүд эрээн тахийг их сонирхдог. Африкийн өргөн уудам хээр тал эрээн тахийн мэдэлд байсан цаг уг нь бий. Эрээн тахийн сүрэг зээр гөрөөс, анааш, зэрлэг үхэртэй хамт сая саяараа идээшилж явжээ. Африкт цагаан арьст хүн үзэгдэх болсонтой зэрэгцэн эрээн тахийн алтан үе дууссан аж. Байгаль дахь тэдний гол дайсан арслан, ирвэс идээд барахгүй байсан эрээн тахийг зэвсэг барьсан хүн золтой л хүйс тэмтэрчихсэнгүй. Нэгэн оромжид марабу хэмээх өрөвтас шувуу, жижигхэн усны үхэр хоёр аж төрж байх юм. Энэ усны үхэр биеэрээ жижигхэн гахай шиг. Эр нь уртаараа 1.5 метр орчим, эм нь үүнээс богинохон. Уг амьтан ганцаар амьдардаг хэвшилтэй. Сармагчинг анзаарахгүй байх аргагүй. Гелад гэдэг сармагчин Этиоп улсын нутгаар нэг тархсан.
Далайн түвшнээс 2-5 мянган метр өндөрт ихэвчлэн амьдарна. Нэг сүрэгт 300-400 гелад байсан. Тэд мод дамжин дүүлнэ гэж байхгүй. Хадан дээр унтана. Өвөл болж Африкийн тайгад агаарын хэм тэг болж ирэхэд гелад хормой бэл рүү бууна. Ургамал ногоо, шавьж, үр жимсээр хооллоно. Гелад сармагчин тариан талбайг сүйтгэх нь элбэг. Цюрихийн амьтны хүрээлэнгийн Америкийн хэсэгт очъё. Энэ тивийнхэн хамгийн урт нуруу, хамгийн хуурай цөл, хамгийн өндөр хүрхрээ, хамгийн их устай мөрнөөрөө бахархдаг. Өмнөд Америкийн Андийн хуурай хөндий бол тэнгисийн зэрлэг гахайн өлгий юм. Тэднийг яагаад "тэнгисийн" гэж нэрлэх болсны учрыг хэлье. Ийм гахайг XVI зуунд усан цэргүүд Өмнөд Америкаас Европ руу аялахдаа авч явдаг байснаас эхлээд “далайн чанадын” гэж нэрлэх болсон бөгөөд сүүлдээ "далайн" (тэнгисийн) гэсэн үг нь түүний нэрэнд үлдсэн байна.
Одоо тэнгисийн гахай эндхийн гурван айлын нэгд нь байж байх болжээ. Аливаа амьтны хүрээлэнгийн бахархал нь том амьтад байдаг. Тэгээд тэр биз энд тэмээ байна. Мэдээж хоёр бөхтэй тэмээ биш. Лама гөрөөсийг бас бөхгүй тэмээ гэж үздэг. Хүнд маш ашигтай амьтны нэг гэдэг юм билээ. Лама гөрөөс илжиг шиг тэнхээтэй бас адуу шиг хурдан. Уулын ямааг Өмнөд Америкийг испаничууд анх эзэлж авахаас хамаагүй өмнө гэрийн тэжээмэл болгосон байна. Өтгөн, тослог, анагаах чанартай сүү өгнө. Зарим үед түүний сүү өндөр ууланд амьдардаг индейчүүдийн цорын ганц хүнс нь болж ирсэн аж. Хониныхоос гурав дахин бөх, долоо дахин дулаахан хялгастай. Хялгас нь бас торго шиг гялалзсан, зөөлхөн. Тиймээс өртөг өндөртэй. Хониноос ялгаатай нь уулын ямааны хялгасыг жилд нэг удаа хяргана. Нэг ямаа 3-3.5 кг хялгас өгнө. Өмнөд Америкийн жигүүртний ертөнц Фюрихийн амьтны хүрээлэнд өргөн төлөөлөлтэй. Тэр дундаас ягаан фламинго бол нутаг усаа алдаршуулагч нь. Энд чилийн, андын, Жеймсийн гэсэн гурван зүйл фламинго байдаг.
Р.ЖАРГАЛАНТ