БНХАУ-ын Коммунист намын холбогдох байгууллагууд Ерөнхий сайд Вэнь Зябо болон түүний хамаатан садангийн орлогыг шалгахаар болсон гэнэ. Хонконгийн “South China Morning Post” сонинд мэдээлснээр, орлогынх нь талаар нарийвчлан судлах хүсэлтийг Вэнь Зябо өөрөө гаргасан аж.
Өнгөрсөн сарын 26-нд “The New York Times” сонин Ерөнхий сайдын гэр бүлийнхэн багаар бодоход 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн мэдээлсэн юм. Вэнь Зябо Төрийн зөвлөлийн дэд тэргүүний албыг хашиж байх үед буюу 1998 оноос түүний ээж, хамаатан саднынхан нь “гэнэт баяжсан” хэмээн тус сонин онцолж буй. Намын консерватив үзэлтэй элитүүд дээрх мэдээлэлд ихээхэн таагүй хандаж буйгаа илэрхийлсэн билээ.
Орлогынх нь талаар шалгах хүсэлтийг тавьснаараа Ерөнхий сайд нам, төрийн удирдлага орлогынхоо мэдүүлгийг нийтэд танилцуулах талаарх хуулийг мөрдөх гэж хичээсний илрэл хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм.
Вэнь Зябогийн эд хөрөнгийн талаарх мэдээлэл “The New York Times”-д гарсны дараа Ерөнхий сайдын гэр бүлийн өмгөөлөгч тус сониныг худал мэдээлэл цацсан тул шүүхэд хандана гэж мэдэгдсэн. Түүнчлэн Хятадын хэрэглэгчдийн “The New York Times”-ын цахим хуудас руу орох эрхийг хаажээ.
Х.ОД