ОХУ-ын газрын тосны “Роснефть” компани хөрөнгө оруулалтын банк байгуулахаа мэдэгдлээ. Тус компанийн ерөнхийлөгч Игорь Сечин “The Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа “Бид активуудынхаа үнэлгээг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагатай болохоор төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын банк маань юуны түрүүнд санхүүгийн салбарын шинэ технологи, арга барилаар ажиллах ёстой” хэмээн онцолжээ.
Үүнээс гадна “Роснефть” одоогийн байдлаар ТНК-ВР болон AAR-тай хийх хэлэлцээртээ гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд зарим нэг активуудаа худалдахаар төлөвлөж байгааг тэрбээр мэдэгдлээ. Тус компани ОХУ-д гуравдугаарт бичигддэг ТНК-ВРыг худалдан авахаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд үүнд 60 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.
Х.ОД