Унгарын Засгийн газрын 250 мянган еврогийн бонд худалдан авсан гадаадын иргэнд тус улсад байнга оршин суух статус олгох гэнэ. “The Wall Street Journal” мэдээлснээр, эрх баригч “Фидес” намын гишүүд улсын өрийг багасгах, хямралаас сэргийлэх зорилгоор ийм хууль санаачилсан байна. Гэвч уг хуулийг Европын холбооны гишүүн орнуудын зарим нь шүүмжилж байгаа юм.
Тухайлбал, Хятад, Вьетнамын иргэд Унгарт олноор суурьшиж, улмаар Европын холбооны орнуудад байнга зорчих эрхтэй болж магадгүй хэмээн тэд болгоомжилж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Унгар ОУВС-гаас 3-4 жилийн хугацаатай 15-20 тэрбум ам.долларын зээл хүссэн билээ. Гэсэн ч ОУВС зээл олгохоос татгалзсан бөгөөд энэ онд Европын холбоо мөн л санхүүгийн тусламж үзүүлж чадахгүйгээ илэрхийлжээ.
Унгарын өр одоогоор ДНБ-ийх нь 85 хувьтай тэнцэх хэмжээнд хүрээд байгаа юм.