“Нью-Йорк таймс” сонин Хятадын Ерөнхий сайд Вэн Жябаогийн гэр бүл 2.7 тэрбум ам.долларын актив хянадаг болохыг тодруулжээ. Энэ мэдээ “Форбс”-ын ханд нэг тэрбумаас дээш долларын бэл бэнчинтэй улстөрчдийн чансаа гаргах сэжүүр болсон байна. Тус сэтгүүлийн дэлхийн чансаанд 20 дугаар байр эзэлж буй АНУ-ын Нью-Йорк хотын мээр Майкл Блумберг бөмбөрцгийн тэргүүн баян улстөрчөөр тодорчээ. Мэдээллийн “Блумберг” агентлагийн үндэслэн байгуулагч бөгөөд эзэмшигч ноён Блумберг 1990-ээд оны сүүлчээс улс төрд хөл тавьж, 2001 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшин, Нью-Йоркийн мээрээр сонгогдсон. Нэгдсэн улсын хамгийн олон хүн амтай хотыг даргалах болсныхоо дараа өөртөө нэг долларын цалин тогтоон, зөвхөн хувийн бизнесийн орлогоороо амьдарч буй нэгэн.
Чансааны хоёрт, Оросын “Иргэний мөрийн хөтөлбөр” намын тэргүүн, хувийн хөрөнгө оруулалтын “ОНЭКСИМ групп” сангийн захирал Михаил Прохоров орлоо. 2011 оны дунд үеэс улс төртэй холбогдон, “Барууны үйл хэрэг” намын дарга болж, дараахан нь тэрслүү журмын нөхдийнхөө “буянд” суудлаасаа огцорсон. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж, санал хураалтын дүнгээр гуравт орсон байна. Энэ оны Парламентын сонгуульд ялсан Гүржийн улс төрийн намын дарга Бидзина Иванишвили “Форбс”-ын баян улстөрчдийн жагсаалтад багтжээ. “Оросын зээл” банк байгуулахаас ОХУ-д хөрөнгө мөнгө хуримтлуулах гараагаа тавьсан тэрбээр Гүржид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа эхлэхийнхээ өмнө Орос дахь активаа зарж, тус улсын харьяаллаас татгалзсан юм. Өдгөө Гүрж, Францын давхар иргэншилтэй.
Италийн Ерөнхий сайд асан, барууны “Урагшаа, Итали” намын тэргүүн Сильвио Берлускони Гүржийн улс төрчийн ард бичигджээ. Сайд нарын танхимыг гурвантаа толгойлж явсан түүний “Mediaset” холдинг нь татвараас зайлсхийсэн хэргээр С.Берлускони дөрвөн жил хорих ял сонссон. Мөн Төрд алба хаших эрхийг нь шүүхээс гурван жилээр хориглосон. Улс төртэй хувь заяагаа холбосон толгой баячуудын жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвшиж байсан, “Фосагро” компанийн гол эзэмшигч Хенри Росс Перо-ст, ОХУ-ын сенатч Андрей Гурьев, Египетийн Чөлөөт египетчүүдийн намын тэргүүн Нагиб Савирис, Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати, Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера, АНУ-ын Ардчилсан намаас Сенатад сонгогдсон Жефф Грин, Оросын “Нэгдсэн Орос” намаас Парламентад сонгогдсон Дмитрий Ананьев нарын нэр чимж байна.
Х.ЭНХ