Сэнди хар салхины улмаас АНУ-д 11 хүн нас барсан тухай AFP мэдээлжээ. Нью-Йорк хот, НьюЖерси, Пенсильвани, Баруун Виржини, Хойд Каролинад хүний амь эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Хар салхи уржигдар 20.00 цагт Нью-Жерси мужид хүрсэн аж.
Нью-Йоркт 250 мянган барилга байшин гэрэл цахилгаангүй болсны дотор тус хотын их сургуулийн эмнэлэг ч багтжээ. Хотын захирагч Майкл Блумберг эмнэлгээс өвчтөнүүдийг гарган өөр газарт аваачих ажлыг даруй эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хар салхины улмаас 50 сая хүн ямар нэгэн хэмжээгээр хохирч магадгүй байна. Үүний зэрэгцээ Америкийн нийслэлд Вашингтонд сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй үер болж магадгүйг цаг уурчид анхааруулж буй.
Энэ сарын 29-нөөс Вашингтоны зарим албан байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоосноос гадна нийтийн тээврийн хэрэгсэл ажиллахгүй байна. Хар салхины улмаас нийт 20 тэрбум ам.долларын хохирол учраад байна хэмээн “Kinetic Analysis” судалгааны байгууллага таамаглажээ.
Х.ОД