АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход арав гаруйхан хоног үлдээд буй энэ өдрүүдэд сурталчилгааны кампани хамгийн халуун үргэлжилж байна. Ерөнхийлөгч Б.Обама өөрийн төрөлх хот Чикагодаа очиж, саналаа урьдчилж өгөхөөр төлөвлөснөө лхагва гаригт зарласан. Арваннэгдүгээр сарын 6-ныг хүлээлгүйгээр саналын хуудсаа шуудангаар илгээн, эсвэл хэсгийн хороон дээр биеэр очин саналаа өгөхийг тэрбээр эх орон нэгтнүүддээ уриалжээ. “Би хэнд саналаа өгөхөө та бүхэнд хэлэхгүй. Энэ бол нууц” хэмээн Ерөнхийлөгч хошигноод, “Харин Мишель миний төлөө саналаа өгсөн байна билээ” гэж гэргийнхээ тухай өгүүлэв.
Тэргүүн хатагтай бүр энэ сарын 15-нд саналаа шуудангаар илгээсэн юм. Ийнхүү Обама сонгууль болох өдөрт нь бус, урьдчилан саналаа өгсөн Америкийн анхны Ерөнхийлөгч болж байна. Санал авах байрууд АНУ-д сарын өмнө нээгдсэн бөгөөд 50 муж улсын 32-т, нийслэлийн Колумб тойрогт саналаа урьдчилан өгөх боломжтой. Амралтын өдрүүдэд ажиллах тэдгээр байр орон нутгийн сонгуулийн хэсгийн хороо, дунд сургууль, сүм, худалдааны төв, хүнсний дэлгүүрт хүртэл төвхнөжээ. Шинжээчид өнөө жил сонгогчдын 40 хүртэлх хувь урьдчилан саналаа өгч, дээд амжилт тогтоож болзошгүй гэж мэдээлсэн. Өмнөх сонгуульд сонгогчдын 1/3 нь урьдчилан оролцсон байна.
Д.ТРАМПЫН БАРЬСАН БЭЛЭГ
Америкийн тэрбумтан Дональд Трамп АН-ын нэр дэвшигчтэй холбоотой шуугиант мэдэгдэл хийлээ. Тэрбээр Youtube порталд тавьсан видео мэдэгдэлдээ АНУ-ын Ерөнхийлөгчид жир бус санал дэвшүүлжээ. Обамаг коллеж, их сургуульд хэрхэн сурч байсан талаар бичиг баримтаа нийтэд дэлгэвэл таван сая доллар хандивлахаар магнат амласан байна.
Мөн иргэний үнэмлэхээ яажшуу олж авсан нууцаа дэлгэвэл буяны гар сунгахад татгалзахгүй гэв. “Энэ улсын түүхэн дэх хамгийн тунгалаг бус Ерөнхийлөгч бол Обама. Хэрвээ тэр дээрх бичиг баримтуудыг нийтэлбэл бүх эргэлзээг тайлж, олон америк хүний дотор уужирна” гэж өгүүлсэн Трамп Цагаан ордны тэргүүний амьдралын чухам ямар мэдээлэлд итгэхгүй буйгаа мэдэгдсэнгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дундах мэтгэлцээн өндөрлөсний дараах үеийн байдлаар эх орондоо Б.Обама, М.Ромни нарын рейтинг тун ойролцоо буюу 46-47 хувьтай байв.
Харин ВВС World service-ээс дэлхийн 21 орны оршин суугчдын дунд явуулсан асуулгаар, дийлэнх олонх нь Обамаг улиран сонгогдохын төлөө байгаа нь харагджээ. Судалгаанд хамрагдсан орон болгонд дунджаар 50 орчим хувь нь Обамад, ердөө есөн хувь нь Ромнид саналаа өгсний дотор францчууд Америкийн одоогийн Ерөнхийлөгчийн хамгийн үнэнч фэнд болж таарав. Францад санал асуулгад оролцогчдын 72 хувь Обамаг дэмжжээ. Ромнид илүү талтай хандсан ганц орон байгаа нь Пакистан аж.
Х.ЭНХ