БНАСАУ-ын агаарын тээврийн “Air Koryo” компанийн нислэгийн тийзийг онлайнаар захиалж эхэлсэн тухай “NK News” мэдээлжээ. Тус компани өнгөрсөн наймдугаар сарын 7-ноос цахим хуудас ажиллуулж эхэлсэн байна.
Пхеньянаас ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Бээжин, Шэньян руу нисэх тасалбарыг дээрх цахим хуудсаар захиалан авах боломжтой болжээ. Гэвч Хойд Солонгосын иргэдийн дийлэнх нь интернэт ашиглах эрхгүй, ашигладаггүй учраас гадаадын иргэд онлайнаар тасалбар захиалж байгаа аж.
БНАСАУ-д байнга очдог Оросын иргэний хэлснээр бол, онгоцны тийз захиалахад их хүндрэлтэй байсан бөгөөд тус улсад зорчих визтэй иргэдийн хувьд ч энэ нь зарим тохиолдолд бүтэлгүйтдэг аж. Хойд Солонгос руу явах, ирэх тийз авахын тулд нислэгээс долоо хоногийн өмнө захиалгаа өгөх ёстой гэнэ.
Дашрамд өгүүлэхэд, Владивостокоос Пхеньян хүрэх нислэгийн тийз 177 ам.долларын үнэтэй. “Air Koryo” бол хамгийн доод буюу нэг одтой зэрэглэлд багтдаг дэлхийн ганц агаарын тээврийн компани билээ. Тус компани 44 онгоцтой, “Ил-62”, “Ту-134”, “Ту-154” зэрэг онгоцоор олон улсын нислэг үйлддэг. Европын холбоо тус компанийн нислэгийг найдваргүй хэмээн үзэж, өөрийн нутаг дээгүүр өнгөрүүлэхийг хоригложээ.
Х.ОД