Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх гурав дахь бөгөөд сүүлчийн мэтгэлцээн АНУ-ын Флорида муж улсын Бока-Рэтон хотод даваа гаригийн үдэш болж, Барак Обама, Митт Ромни нар гадаад улс төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар халз “тулалдав”. 90 минут үргэлжилсэн ярилцлага Арабын хавар, Иран, Хятад болон бөмбөрцгийн халуун цэгүүдийг ч хөндлөө. Цагаан ордны тэргүүн Обама өрсөлдөгчөө гадаад бодлогын талаар хөрсөн дээр буухгүй байна гэж тодорхойлсон бол, БНН-ын нэр дэвшигч Ромни АНУ-ын дэлхийд тэргүүлэгчийн байр суурийг хадгалж чадаагүй гэж Ерөнхийлөгчийг шүүмжилжээ. Тэдний санал нэгдсэн асуудлууд гэвэл Израилийг тууштай дэмжих, Сирийн иргэний дайныг зохицуулахад АНУ цэргийн хүч хэрэглэх ёсгүй, 2014 он гэхэд Афганистанаас цэргээ татаж дуусах зэрэг байв. Афганаас энхийг сахиулагчдыг гаргах асуудалд БНН өмнө нь өөр байр суурь баримталж байсан юм.
Б.Обамагийн удирдлага дор АНУ Ойрхи Дорнодыг үймээний салхинд тавиад туучихсан гэж М.Ромни хэлэхдээ Сирид энгийн номхон иргэн олон мянгаараа амиа алдсан, Умард Африкт “Аль-Каида”-гийн салбарууд толгой өндийлгөх болсон, Ираны цөмийн хөтөлбөр зэргээр жишээ татлаа. Б.Обамаг “Аль-Каида”-гийн толгойлогч Осама бин Ладеныг устгасанд нь БНН-аас нэр дэвшигч баяр хүргэсэн ч терроризмтэй иймэрхүү маягаар тэмцээд тусыг олохгүй, өргөн стратег явуулах ёстой гэж үзэж байна. Хариуд нь Обама “Аль-Каида”-гийн учруулах аюул заналыг хүлээн зөвшөөрч байгаад нь талархал илэрхийлсэн ч Массачусетсийн амбан захирагч асан энэ оны эхээр гэхэд л “Орос л АНУ-ын геополитикийн ¹ 1 дайсан” хэмээн мэдэгдэж байсныг нь сануулахаа мартсангүй.
Харин Ойрхи Дорнодын хувьд амьдралаас хөндий буруу, харалган бодлого бус, хүчтэй тогтвортой бодлого баримтлах ёстой гэж Б.Обама тэмдэглэв. Мөн улсын цэрэг арми хэрхэн ямар бодлогоор хөдөлдгийг судлахад хангалттай цаг зориулаагүй байна хэмээн өрсөлдөгчөө шүүмжилжээ. CNN-ийн санал асуулгаар бол, Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёрхон долоо хоногийн өмнө болсон сүүлчийн мэтгэлцээнд Б.Обамад оролцогчдын 48 хувь, М.Ромнид 40 хувь нь саналаа өгчээ. Харин тэдний хэн нь ч үзэгчдийн дийлэнх олонхын таалалд нийцэж чадсангүй. Мэтгэлцээнийг үзэгчдийн үнэлэмжээс харахад, Ерөнхийлөгчийг 24 хувь, Ромнийг 25 хувь нь сонгуульд дэмжихээ илэрхийлжээ.
Дээд ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэх боломж нэр дэвшигчдэд тэнцүүхэн гэж санал асуулгад оролцогчид дүгнэв. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сүүлчийн мэтгэлцээний өмнөх ням гаригт хийсэн санал асуулгаар, айсуй сонгуульд тэдний ялах магадлал эн тэнцүү гарчээ. “NBC news”, “The wall street journal”-аас явуулсан уг судалгаанд оролцогчдын тус бүр 47 хувь нь, “Reuters”-ын санал асуулгаар, тус бүр 46 хувь нь Цагаан ордны одоогийн тэргүүн болон М.Ромнийг дэмжихээ илэрхийлсэн байна.
Х.ЭНХ