Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй өмнө нь холбоотой байсан Японы Хууль зүйн сайд Кейшү Танака өчигдөр огцорсон тухай AFP мэдээллээ. Уг албан тушаалд томилогдсоноос хойш ердөө гурван долоо хоногийн дараа Ерөнхий сайдад огцрох өргөдлөө барьсан тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ийм шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Ерөнхий сайд Ёшихико Нода өргөдлийг нь хүлээн авсан байна. Чичиргээнтэй буй Ё.Нодагийн тэргүүлсэн Сайд нарын танхимыг бэхжүүлэх ажлын хүрээнд аравдугаар сарын эхээр 74 настай Кейшү Танакаг Хууль зүйн сайдаар томилсон. Гэтэл удалгүй ноён Танакаг Хятадын иргэнээс 420.00 иен (5400 ам.доллар)-ийг бэлнээр авсан хэрэгт буруутгасан аж.
Сайд 2006 оноос уг мөнгийг авч эхэлсэн гэнэ. Тус улсын хуулиар, Японы улстөрчид гадаадын иргэнээс мөнгө авах эрхгүй юм байна. Кейшү Танака дээрх мөнгийг буцааж өгсөн гэсэн тайлбар өгчээ. Үүний дараа аравдугаар сарын 12-нд сайд мафитай холбоотой байснаа өөрөө хүлээсэн. Японы хэвлэлд мэдээлснээр бол, Танака 30 жилийн өмнө якузагийн мафийн бүлэглэлийн нэгэн толгойлогчийн зохион байгуулсан үдэшлэгт оролцон, Ёкогама дахь гэмт хэргийн бүлгийн нэгэн гишүүнд эхнэр олж өгөхөөр хөөцөлдөж байжээ. Тухайн үед уг залууг гэмт хэргийн бүлэглэлийнх гэдгийг мэдээгүй, үүнийг олон жилийн дараа мэдсэн хэмээн сайд тайлбарлажээ.
Хэдий Японд якузаг хууль бус гэж үздэггүй ч тэд Италийн мафи, Хятадын гэмт хэргийн нууц бүлгэмүүдийн нэг адил мансууруулах бодисын наймаа, биеэ үнэлэгчид, санхүүгийн зээл, барилгын салбарын авлигатай холбогдох хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг юм байна.