ДАЛАЙН ШУУРГА, ГАЗАР ХӨДЛӨЛТ, ГАЗАР НУТГИЙН МАРГААН
Японы олон улсын “Нарита” хэмээх онгоцны буудалд МИАТ-ийн онгоц газардаж, бид буухад бүгчим, халуун агаар өөдөөс пүн хийв. Намайг угтан авсан орчуулагч бүсгүйг Абико Санае гэдэг. Монголоор маш сайн ярина. Их эрдэмтэн Чой. Лувсанжавын шавь байсан гэхээр арга ч үгүй биз. Тус буудлаас Токио хүртэл хурдны замаар цаг гаруй явах аж. Машинд явах зуур Абико сан Японд болж буй сүүлийн үеийн явдлуудыг мэдээлэл болгох үүднээс надад ярьж явав.
-Манай энд өчигдөр далайн хар шуурга болсон. Үүгээр зах нь дайраад өнгөрлөө. Гол төв нь Окинава арал орчимд байжээ. Тэнд нэг хүн нас барж, нэлээд олон хүн гэмтсэн. Олон айл гэрэл цахилгаангүй болж, сэргээн босгох ажил үргэлжилж бай гаа. Ойрын үед Токиод тэнгэр нэг л сонин. Хүмүүсийн ярих нь газар хөдөлж магадгүй гэсэн хэмээн өгүүлэв. Түүний ярихыг сонсоод байга лийн гамшиг гэдэг ямар аймаар зүйл болох, энэ өндөр хөгжилтэй орон хүртэл түүний өмнө хүчин мөхөсддөгийг дотроо юун тухай тийм аюулаас хол байдаг надад өөрийн эрхгүй түг ших сэтгэл төрөв. Харин хэлмэрч эмэгтэй энэ бүг дийг ярьж байхдаа “Өнөөдөр Улаабаа тарт бороотой” гэж байгаа юм шиг тайван өгүүлэх аж. 35 давхар зочид буудлын 22 дугаар давхарт надад өрөө захиалжээ. Ийм өндөрт байж байтал газар хөдөлбөл яах вэ гэхэд “Та яах ч хэрэггүй, гарч гүйж болохгүй. Өндөр барилга тусмаа найдвартай” хэмээв. Харин маргааш өглөө нь Токиод газар магнитут нь гуравтай тэнцэх хэмжээтэй газар хөдөлсөн тухай дуулав. Абикосаны хэлснээр өндөр тусмаа мэдэгдэхгүй гэсэн нь үнэн байв. Үүрээр болсон тэр чичирхийллийг би огт мэдсэнгүй. Далайн шуурга, газар хөдлөлт гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй япончууд тэмцэлдсээр, ялахдаа ялж, ялагдахдаа ялагдсаар ирсэн нь тэдний түүх, оршин амьдрахуйн арга нь ажээ. Өрөөндөө тухлаад зурагтаа асаан сувгийг нь сольж, баахан эргүүлэв. Манайх шиг учиргүй олон телевиз байдаггүй бололтой юм. Гадаадын цөөн хэд, үндэснийх нь төдий тооны суваг байх аж. Энэ өдөр нэвтрүүлж буй гол мэдээлэл нь Японы Ерөнхий сайд Ёшихиро Нода Засгийн газартаа өөрчлөлт оруулж, сайд нараа огцруулжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдыг эс тооцвол бусад нь эрэгтэй аж. Тэгвэл манай Засгийн газар гурван эмэгтэй сайдтай, эдний хажууд бид жендэрийн хамаагүй мэдрэмж тэй юм байна даа гэх бодол төрөв. Японы хэвлэлийнхний бас нэг мэдээлж байгаа үйл явдал бол Окинава дахь АНУ-ын цэргийн баазаас хөөрч буй “МV-2 ОSPREYS” хэмээх нисэх онгоц байлаа. Нисдэг тэрэг шиг эгц дээшээ хөөрчихнө. Агаарт гаруутаа сэнсээ тэгшлээд онгоц шиг хурдалчихна, их л орчин үеийн техник юм. Харамсалтай нь америкчууд эл онгоцоо Японд хоёр ч удаа унагачихсан гэж байгаа. Нэг нь бүр хүн амьдарч байсан хорооллын орчимд осолдсон гэсэн. Тэгээд л япончууд тэр онгоцны нислэгийн маршрутыг өөрчлөх, хот, тосгон дээгүүр нисэхийг эсэргүүцэж байгаа юм билээ. Америкийн цэргийн баазын гадна өдөр бүр жагсаал цуглаан зохион байгуулж буйг байнга нэвтр үүлж байлаа. Түүнээс гадна Сэнкакү аралтай холбоотой маргаан, Хятадын иргэд нутагтаа байгаа Японы хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн газар, дэлгүүр, зоогийн газруудыг хэрхэн түйвээж буйг харуулах аж.
БҮХ ЗҮЙЛ КИМ ЧЕН ИРИЙН ТУШААЛААС ЭХТЭЙ
БНАСАУ-ын Батлан хамгаалах төв зөвлөлийн дарга Ким Чен Ир гадаадад ажиллах тагнуулч нараа бэлтгэхдээ тухайн улсын иргэн болгох хэрэгтэй гэсэн утгатай нэгэн нууц тушаал гаргажээ. Үүнээс үүдэн Умард Солонгосын тусгай албад БНСУ, Японы эсрэг тагнуулч бэлтгэхдээ тухайн хоёр улсын иргэдийг ашиглах болсон гэх. 1987 оны арваннэгдүгээр сарын 29- нд “Корейн Эйр” компанийн иргэ ний нисэх онгоц Бенгалын булан дээгүүр нисч явахдаа ор мөргүй алга болжээ. Нисэх багийнхан төвдөө ямар нэг мэдээлэл дамжуулаагүй байна. Алга болсон онгоцыг хайх ажиллагаа 20 гаруй хоног үргэлжилсний дүнд олж, онгоцонд дэлбэрэлт болсныг тогтоожээ. Дэлбэрэлтийн улмаас эл онгоцоор зорчиж явсан багийн 11 гишүүн, 104 зорчигч амь үрэгдсэн байна. Ирак, Эмират, Тайланд, БНСУ гэсэн маршрутаар нисч явсан дээрх онгоц Бангкокт газардахад зорчигчдоос 15 нь буужээ. Тэдний дотор сэжиг бүхий эрэгтэй, эмэгтэй хоёр явсан бөгөөд тэд Японы иргэний паспорттой байсан аж. БНСУын тусгай албаныхан тэр хоёр хүнийг сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Тэдний паспортыг шалгахад эрэгтэйн баримт бичиг нь тухайн үед гадаадад явж байхдаа бичиг баримтаа бусдад ашиглуулсан япон иргэнийх болохыг тогтоожээ. Харин эмэгтэй нь Токушимад амьдардаг эрэгтэй хүний паспорт ашигласан байж. Өөрсдийнх нь хийсэн хэрэг илчлэгдсэнийг мэдсэн тэд тусгай албаны ажилтнуудыг очихоос өмнө хор уусан байна. Эрэгтэй нь газар дээрээ нас барж, эмэгтэй нь гурав хоногийн дараа ухаан орсноор бүх зүйл тодорхой болжээ. Тэр эмэгтэйг Ким Хён Хи гэдэг бөгөөд Умард Солонгосын тагнуулч гэдгээ хүлээсэн байна. Тэрбээр япон хэл, соёлыг нутагтаа япон хүнээр заалгасан гэж мэдүүлсэн гэдэг. Токио орчмоос алга болсон гэж үздэг Тагучи хэмээх япон хүн түүнд япон хэл заасан байна. Ингэж Хойд Солонгосын тусгай албаныхан өөрсдийн тагнуулчдыг бэлтгэхдээ япон иргэдийг хулгайлж ашигладаг нь тодорхой болжээ. Умард Солонгосчууд 1970-аад оноос эхлэн иргэдийг нь хулгайлсан гэж Япон Улс үздэг юм билээ. Өнөөдрийн байдлаар 17 иргэнийг нь хулгайлсан нь тодорхой болоод байгаа бөгөөд хулгайлагдсан иргэнээ 17-гоор тогтохгүй, 400 гаруй бий гэж Япон улс үздэг аж. Хойд Солонгосын эл үйлдлийг хүний эрх, эрх чөлөөний эсрэг үйл ажиллагаа гэдгийг НҮБаас тогтоож, тус улсын эсрэг зарим хориг арга хэмжээ авчээ.
ЖИГНЭМЭГ ЗАРДАГ АМЕРИК ЦЭРЭГ
1970-1980 онд олон япон иргэн учир битүүлгээр алга болох болжээ. Эхний үед алга болсон иргэдэд золгүй явдал тохиолдсон хэмээн үзэж улсынхаа хэмжээнд эрэн сурвалжилдаг байсан гэнэ. Харин тусгай албадын мэдээллээр тэдгээр иргэнийг Хойд Солонгост хулгайлагдсан гэдгийг мэдсэнээс хойш асуудлыг тус улсын талд тавьсаар иржээ. Гэсэн ч Умард Солонгосын тал энэ асуудлыг няцаасаар байж. 2002 оны есдүгээр сарын 17-нд тус хоёр орны тэргүүн уулзжээ. Японы Ерөнхий сайд асан Жуничиро Койзүмийн оролцсон энэ уузалтын үеэр Хойд Солонгосын тал япон иргэдийг хулгайлж байсан гэдгээ хүлээж, уучлалт хүссэн байна. Тэд таван хүнийг эргүүлэн өгч, найман хүн нас барсан гэжээ. Үлдсэн хүмүүсийг Солонгост ирээгүй гэж мэдүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүсийг амьд байх магадлалтай гэж Японы тал үздэг төдийгүй тэдэнд тодорхой баримт байгаа аж. Эх нутагтаа ирсэн хүмүүсийг ажил төрөлтэй болгох, Японы өнөөгийн амьдралд дасгах зэрэг ажил нэлээд хүндрэлтэй байсан ч тэд одоо давгүй амьдарч байгаа гэсэн. Сэтгэл санааг нь тайван байлгах үүднээс тэднийг хэвлэл мэдээллийнхнээс хол байлгадаг. Шаардлагатай үед тухайн орон нутгийн захиргааны эрх бүхий ажилтнууд уулзаж ярилцдаг юм байна. Тэдний дотор 1978 онд ээж Миёоши Содатайгаа Нийгата мужийн Садо гэдэг хотоос хулгайлагдсан Хитоми Сода гэдэг охин байгаа бөгөөд 24 жилийн дараа буцаж иржээ. Тэрбээр Хойд Солонгост очоод ээжээсээ салсан байна. Ээжийг нь солонгосчуд хилээр орж ирээгүй хэмээн мэдэгддэг аж. Охин нь том болсон хойноо Хойд Солонгост урвасан америк цэрэгтэй гэр бүл болжээ. Тэднийх хоёр хүүхэдтэй. Нөхөр нь хувиараа жигнэмэг хийж зардаг, давгүй орлоготой амьдарч байгаа гэсэн. Түүний урвасан асуудлыг Америкийн тал хэлэлцэхгүй гэж мэдэгдсэн тул одоо тэрбээр тайван амьдрах боломжтой болжээ.
ХОЙД СОЛОНГОС 12 УЛСААС ХҮН ХУЛГАЙЛЖЭЭ
Бид Японы баруун хойд талын Нийгата хотод очлоо. Энд Японы банкны ажилтан Шигери Якота гуай эхнэр, хүүхдүүдийн хамт томилолтоор ирж, амьдарч бай жээ. Тэднийх далайн эргээс хол гүй, банкны ажилтнуудын байранд суудаг байв. 1977 оны наймдугаар сарын 15-нд 13 настай охин Мигиму нь бадминтоны секцэндээ яваад орой 18.00 цагт тарах учиртай байж. Тэрбээр хоёр найзын хамт сур гуулиасаа гарч, 300 гаруй метрийн цаана байрлах гэртээ харихаар явжээ. Тэднийх хотын бараг захад, тэр үед гудамжны гэрэлтүүлэг гэж бараг байсангүй. Мигиму охин хоёр найзаасаа салаад ганцаараа 100 ша хам метр яваад гэртээ хүрэх байжээ. Нийгата хотын цагдаагийн газрын Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга болсон явдлын талаар бидэнд газар дээр нь тайлбарласан юм. Хэдхэн харайгаад хүрчих гэртээ охин ирсэнгүй. Ээж нь сургууль дээр нь очвол биеийн тамирын танхим нь гэрэлтэй байсан тул тайвширч, секц нь тараагүй байжээ гэж бодоод ортол багш нь хүүхдүүд цагийн өмнө явсан гэсэн байна. Ингээд эрэл сурал болсоор 1997 онтой золгож, охиныг нь тэр орой Хойд Солонгосын тусгай албаныхан хулгайлсан болохыг мэджээ. Өндөр настай болсон ээж, аав хоёр нь охиноо буцааж авах гэж олон жил гуйж, боломжтой бүхий л сувгаар ярилцаж байгаа ч умард солонгосчууд одоо хүртэл өгөөгүй байна. Бид цагдаагийн ажилтнаас зарим зүйл сонирхсон юм.
-Хойд Солонгос яг хэдэн хүн хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм бэ?
-Ер нь бол 400 гаруй хүн хулгайлсан гэж бид үздэг. Тус улс 13 хүн хулгайлсан гэдгээ хүлээж тавыг нь буцаасан. Найман хүн нас барсан гэдэг. Тэр таван хүн бидэнд мэдээлэл өгсөн. Хойд Солонгост ямар нөхцөлд амьдарч байснаа тодорхой ярихаас татгалздаг.
-Яагаад тэгдэг юм бол?
-Үлдсэн хүмүүстээ санаа зовдог байх л даа.
-Ер нь ямар хүмүүсийг хулгайлсан юм бэ. Хулгайлах хүмүүсийнхээ мэргэжил энэ тэрийг харгалздаг байсан болов уу?
-Япон иргэдийг хулгайлж байснаа 2002 онд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Ингэхдээ япон хэл, соёл заалгах, тухайн хүмүүсийн бичиг баримтыг ашиглан БНСУ руу тагнуулчдаа оруулах зорилготой байсан гэдэг. Япон хэл, соёл сайн мэддэг, төрөл садан багатай, ганц бие хүмүүсийг сонгон хулгайлсан байгаа.
-Хулгайлсан хүмүүстээ хүч хэрэглэж байсан болов уу?
-Урлагийн гэсэн нэр хаягтай байранд тус тусдаа амьдарч байсан гэдэг. Хүч хэрэглэж байсан, эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-БНАСАУ-ын төрийн тэргүүн өөрчлөгдөж, Ким Чен Ун засгийн эрхийг барьж байна. Ингэснээр хулгайлагдсан иргэдийн асуудлаар ямар нэг нааштай алхам хийх болов уу?
-Хийх байх гэж найдаж байна. Умар Солонгосын талтай хэлтсийн даргын хэмжээний уулзалт, хэлэлцээр хийж байна. Тус улсын шинэ удирдагчийн иргэддээ хандах хандлага нь өөрчлөгдөж байгаа. Гэхдээ ямар үр дүн гарах вэ гэдэг нь тодорхойгүй.
Италийн “ТМ news” сонины сурвалжлагч Антонио Москателло:
-Италийн гурван иргэнийг хулгайлсан гэж сонссон. Тэдний тухай танайд ямар нэг мэдээлэл байна уу?
-Хойд Солонгост хулгайлагдсан Ливанийн иргэн эмэгтэйг нутаг руу нь буцаасан юм билээ. Тэр эмэгтэй сонинд өгсөн ярилцлагадаа гурван итали хүний тухай дурдсан байдаг. Үүнээс өөр мэдээлэл байхгүй.
БНАСАУ-ЫН ТУСГАЙ АЛБАНД ХУЛГАЙЛАГДСАН ГАДААДЫН ИРГЭД
-Хулгайлагдах гэж байгаад мултарсан иргэд байдаг уу?
-1978 онд гурван хос хулгайлагдсан байдаг. Мөн оны наймдугаар сард бас нэг хосыг хулгайлахыг завджээ. Тэднийг далайд сэлж байхад нь үл таних хэдэн эрэгтэй бүсэлж, авч явахыг завдсан байна. Тэд хүмүүсээс тусламж гуйн хашгирсан тул нөгөө хүмүүс орхиж явсан гэдэг.
-Хүн хулгайлдаг хүмүүсийг тогтоож, баривчилсан уу?
-Хүн хулгайлсан хүмүүс ихэвчлэн Хойд Солонгосын иргэд байгаа. Япон иргэдийг хулгайлсан 11 хүнийг тогтоон эрэн сурвалжилж байгаа. Тэдний дунд япон хүн ч бий. Нийгата хотоос гэхэд 13 настай Мигиму охиноос гадна ойр ойрхон дөрвөн хүн хулгай лагджээ. Тус хотын цагдаагийн байгуул лагынхан Хойд Солонгосоос хүн хулгайлах гэж байгаа талаар ямар нэг мэдээлэл байгаагүйгээс тэдэнд чөлөөтэй ажиллах боломж олгосон бололтой юм. Хойд Солонгосоос Нийгатагийн эрэг хүртэл 1000 шахам км. Энэ их уудам зайд тагнуулын онгоц эрэг дээр нь хөвөөд ирж байхад мэдээ гүй байдаг нь бас л хачирхалтай. Япончууд үүнийгээ тухайн улсыг манай улсын эсрэг ийм хэрэг хийнэ гэж бодоогүй, эргийн болон хилийн хяналт муугаас болсон гэж тайлбарлаж байсан. Үргэлжлэл бий...