“ Аль-Каида”-гийн толгойлогч агсан Осама бин Ладены жолоочоор ажиллаж байсан Салим Хамданыг буруугүйд тооцож буйгаа АНУ-ын Давж заалдах шатны шүүх мэдэгдлээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө түүнийг алан хядах ажиллагаа зохион байгуулахад тусалсан хэмээн буруутгаж, 5.5 жилийн ял оноосон бөгөөд тэрбээр Гуантанамо дахь шоронд хоригдож байгаад суллагдсан юм.
Өнгөрсөн мягмар гаригт Америкийн давж заалдах шатны шүүхийн гурван шүүгч С.Хамданд холбогдох хэргийг дахин хэлцээд, түүнд ногдуулсан ял нь шударга бус байсан хэмээн мэдэгдлээ. Учир нь, С.Хамдан 1996-2001 онд Обама бин Ладены жолооч, бие хамгаалагчаар ажиллаж байх үед алан хядах ажиллагаа зохион байгуулахад тусалсан гэх тодорхойлолт байгаагүй аж.
Уг ойлголт Олон улсын хууль эрх зүйд 2002 оноос гарч ирсэн гэнэ. С.Хамдан одоо гэр бүлийнхээ хамт Йеменийн нийслэл Санад амьдарч буй. Хилс хэргээр ял сонсож, хоригдсоных нь төлөө түүнд ямар нэгэн нөхөн төлбөр төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй.
Х.ОД