Англи эмэгтэй Жейн Гудолл амьтны авир араншин судалж Дорнод Африкт 50 гаруй жил ажиллажээ. 77 настай энэ эмэгтэй "Сүйрлийн ирмэг дээр байгаа амьтдыг хэрхэн аварч байна" нэртэй номоо хэвлэлд бэлтгэж байгаа аж. Түүнтэй GEO сэтгүүлийн сурвалжлагч ярилцсан байна.
-Та яагаад чухам шимпанзе (сармагчны нэг төрөл) судлахаар шийдсэн юм бэ?
-Дорнод Африкийн Олдувайн хавцлаас эртний хүний чулуужсан цогцос олсон нэрт эрдэмтэн, хүн судлаач, эртний судлаач Луис Ликитэй хамтарч ажиллах завшаан надад тохиосон юм. Дорнод Африкийн энэ нутгийг “хүн төрөлхтний өлгий” гэж нэрлэдэг. Ажлын анхны өдөр дуусахад л намайг халуун орны ширэнгэ ойгоор явахыг Лики зөвшөөрсөн. Тэгэхэд л би арслан, хамар дээрээ эвэртэй хирсний барааг анх харж билээ. Сэтгэл их хөдөлж, их баярласан санагддаг юм. Тэгж байтал шимпанзегийн амьдралыг байгалийн нөхцөлд ажиглах төсөлд хамтарч ажиллах хүн хайж байгаагаа Лики надад хэллээ. Уг төслийг Танзанид хэрэгжүүлэх байсан юм.
-Та шимпанзетэй анх нүүр учирснаа мэдээж мартаагүй биз дээ?
-Миний барааг хармагцаа шимпанзенүүд зугтаагаад явчихсанд урам их хугарсан. Тэд цагаан “сармагчин” хэзээ ч харж байгаагүй хэрэг л дээ...
-Тэгээд бас шаргал үстэй гээч. Шимпанзетэй хамт авахуулсан таны зураг дэлхий дахинд танил болсон шүү...
-Сармагчны итгэлийг хүлээнэ гэдэг тийм ч хялбар явдал биш юм билээ. Тэд надаас айж, догшин хэрцгий авирладаг байлаа. Шимпанзе чинь залуу эмэгтэй хүнээс хавьгүй хүч чадалтай шүү дээ, тийм болохоор намайг хэзээ ч урж тасдаад хаячихаж чадна. Би “өвгөн” Дэвид гэж нэрлэх болсон нэг сармагчин өдөр бүр бидний байрнаас самар хулгайлаад байх болов. Гурван долоо хоног орчмын дараа би түүнд өөрийн гараар гадил жимс өгч үзэв. Сармагчин нэлээд удаан тээнэгэлзсэнээ шүүрээд авлаа. Түүнээс хойш өвөө Дэвидийг миний хажууд байхад бусад нь зугтаад явчихаа больсон.
-Шимпанзег хүншүүлж байна гэж таныг зэмлэдэг. Та сармагчныг тоогоор дугаарладаг байснаа нэр өгсөн, айх, баярлах гэх мэт хүний зарим мэдрэмжийг тэдэнд бий болгосон. Өөрийгөө зөв юм хийж байна гэдэгт эргэлзэх үе Танд байсан уу?
-Огт эргэлзэж байгаагүй. Шимпанзе бол бидэнтэй тун төстэй амьтан. Бидний ДНХ бараг тэднийх шиг. Тархи нь ч биднийхтэй ойролцоо. Цус, дархлааны тогтолцоо биднийхтэй адилхан. Тэд бас аз жаргал, уй гунигийг мэдэрнэ. Амьтанд сэтгэл, мэдрэмж байдгийг хүүхэд байхад минь надад ойлгуулсан гайхамшигтай багш байсан нь “Расти” нэртэй нохой маань юм.
-Хүн төрөлхтөн хүч чармайлт тавиад байхад л зэрлэг амьтны тоо толгой хорогдоод байгаа нь Таны сэтгэлийг зовоодог биз?
-Тэгэлгүй яах вэ. Сэтгэл минь их түгшдэг. Танзанийн нутгийн 25 хувь нь одоо хамгаалалтад байна. Түүнээс гадна эндхийн олон амьтан сөнөж үгүй болж байна. Намайг Африкт хөл хавьж байхад тэнд 1-2 сая шимпанзе байсан, одоо ердөө 300 мянгаас хэтрэхээ байсан.
-Та үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ГомбеСтрим гэдэг үндэсний хүрээлэнг одоо жуулчид их үзэх болсон нь сайн зүйл үү?
-Одоо бол өдөрт тус бүр нь зургаан хүнтэй хоёр бүлгийг л ой руу оруулж байгаа. Орон нутгийн эрх баригчид болохоор аль болох олон жуулчин ирүүлэхийг бодно. Миний бодлоор энэ буруу. Шимпанзед тайван орчин хэрэгтэй л дээ.
-Таны хоёр дахь нөхөр Танзанийн Парламентын гишүүний хувьд үндэсний паркуудаар хүмүүсийг аялуулахыг хориглосныг та зөв алхам гэж үзэж байна уу?
-Тэгж үзэж байна. Манай паркийн ажилтнууд сармагчингуудаа үзүүлэхээр найз нөхдөө урьдаг, өдөр бүр бидэн дээр хүмүүс бөөн бөөнөөрөө ирдэг байсан. Үүнийг түр хугацаагаар болиулсан байгаа.
-Аялал жуулчлалд эерэг тал гэж байна уу?
-Бүх юм жуулчдын тооноос шалтгаалдаг. Бас тэдний зохион байгуулалт ч нөлөөлтэй. Эцсийн эцэст аялал жуулчлал чинь мөнгө гэсэн үг шүү дээ. Үүнээс үүдэж л нутаг дэвсгэрээ хамгаалж, үндэсний паркууд нээж байгаа юм. Газар маань зөвхөн хөдөө аж ахуйн эдэлбэрийн хувьд л ашиг өгдөг юм биш. Газар чинь тариачинд ч, анчинд ч хэрэгтэй эд.
-Тэгвэл үндэсний паркуудаас хэн орлого олж байна?
-Тухайн нутгийн оршин суугчид биш эрх баригчид л олоод байх шиг байна. Зовлонгүй олддог мөнгө авлигыг нэмэгдүүлдэг.
-Африкт хүмүүс өлсөж, дайн болсоор байхад жуулчид яагаад сая саяараа ийш ирээд байдаг юм бол?
-Яагаад гэвэл онгон байгальд зэрлэгээрээ амьдарч буй амьтныг өөрийн нүдээр харахыг юутай ч зүйрлэж үл болно. Аялагчид олширч, бидэнд мөнгөөр дэмжлэг үзүүлэх нь сайн хэрэг.
-Үндэсний парк болон амьтны хүрээлэн нь онгон байгальдаа байх боломжгүй болсон амьтдын сүүлчийн хоргодох байр болж байгаа юм шив дээ?
-Тийм,тийм. ӨАБНУ-д үндэсний паркуудыг чанд хянаж, үйл ажиллагааг нь сайн чиглүүлж байдаг. Харин Дорнод Африкт ийм юм алга. Ер нь бол Гомбе-Стримийн дархан цаазат газар байгаа шиг нь шипанзег байлгах амьтны хүрээлэн гэж байхгүй.
-"Мэргэжлийн анчид", хулгайн ангуучдаас юугаараа ялгардаг вэ?
-Зэрлэг амьтдын махыг борлуулах гэдэг асар том бизнес. Эхлээд гадаадын компаниуд мод бэлтгэхээр ой руу ороод ирнэ. Тэд ойд зам тавина. Тэр замаар анчид орж ирээд бууныхаа овоо хараанд өртсөн бүхнийг буудаж гарна. Анчид махыг нь зажилж л болдог сармагчин, заан, гөрөөс гээд бүх амьтныг ална. Тэгээд махыг тухайн орны зах зээл дээр борлуулах юм уу, далайн чанад руу ачуулна. Урьд нь өөрийнхөө хүнсэнд хэрэглэх махны төлөө ан хийдэг хүмүүс монштойгоо байгаа сармагчинг огт агнадаггүй байсан юм. Одоо бол хамаагаа алдсан.
-Хулгайн анчидтай Та тэмцэл хийдэг үү?
-Энэ бол эрх баригчдын хийх ёстой ажил. Тэгэхдээ эх нь анчдын суманд өртсөн моншнуудыг байлгах байр бид бэлтгэсэн. Гэвч ихэнх нь үхчихээд байх юм.
-Энэ Африкт эргэн тойрон хүмүүс нь ядуу зүдүү амьдралтай байхад амьтдыг хамгаалж болох уу даа?
-Бид зөвхөн амьтанд биш хүмүүст бас анхаарал халамж тавьж байдаг. Хүмүүс яагаад ойн модыг хөрөөдөж, амьтан агнахаар хавх тавиад байгаагийн учрыг ядуу зүдүү байхын зовлонг мэдэх хүмүүс л ойлгоно. Амьтан гэдэг чинь үнэн хэрэг дээрээ яг юу юм бэ гэдгийг, амьтад чинь бидний л адил энэ дэлхий дээр оршин байх ёстой юм шүү гэдгийг хүмүүст бас ойлгуулах нь чухал. Ядуу буурай орнуудад нийгмийн шударга бус явдалтай тэмцэл хийхгүйгээр амьтан хамгаалах гэх нь утга учиргүй юм.
Р.ЖАРГАЛАНТ