Их Британийн Гадаад хэргийн яам дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчдадаа Оросын медаль олгуулахаас албан ёсоор татгалзсан тухай “Новости” мэдээлэв. Тус улсын хуулиар Засгийн газар нь зөвшөөрөөгүй бол гадаад орноос шагнал гардахыг иргэдэд хориглодог аж. Тиймээс Москва Британийн эрх баригчдад 813 захидал илгээж, Оросын өмнө гавьяа байгуулсан төдий тооны ахмад дайчны талаар тодорхойлолт гаргажээ. Түүгээр ч үл барам ахмад дайчдын сүүлийн таван жилд эрхэлсэн ажил, үндэсний болон олон улсын янз бүрийн арга хэмжээнд оролцсон байдлын талаар мэдээлсэн аж.
Харин Лондон дээрх бичиг баримтад ахмадуудын сүүлийн таван жилд ОХУ-ын өмнө байгуулсан гавьяаны талаар мэдээлэл байхгүй гэсэн сонирхолтой тайлбар өгсөн гэнэ. Тавдугаар сард Аугаа их эх орны дайны ялалтын ойгоор “Умардын цуваан”-ы оролцогч гаднын дайчдыг Ушаковын медалиар шагнах шийдвэрийг Оросын Засгийн газар гаргасан. Чингэхдээ Зөвлөлтийн армид төрөл бүрийн ачааг ленд-лизээр амь хайргүй нийлүүлж явсан холбоотны тэнгисийн цэргийн албыг алдаршуулах зорилго тавьжээ.
Ленд-лиз (Lend lease) хэмээх Засгийн газрын хөтөлбөрөөрөө АНУ дэлхийн II дайны үед холбоотнууддаа байлдааны зэвсэг хэрэгсэл, техник, хүнс болон нефтийн бүтээгдэхүүн зэрэг стратегийн түүхий эдийг зээлээр тусламж болгон нийлүүлж байжээ. Дайны дараа хэрэв АНУын тал өөрөө санал тавибал эвдэрч сүйдээгүй, үрэгдээгүй техник, тоног төхөөрөмжийг Нэгдсэн улсад эргүүлэн өгөхөөр заасан байв.