Олон улсын валютын сангийнхан дэлхийн эдийн засаг гэр бүлийн чанартай болсныг хүлээн зөвшөөрөв. Аавын цалин багасвал ээжид илүүчлэх мөнгө нь ч тэр хэрээр буурна. Ээж бага мөнгөтэй байвал хүүхдүүддээ чихэр авч өгөхгүй. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн хэмнэл иймэрхүү дүр зурагтайгаар л харагдаж байна. Нэг нь унахад, нөгөө нь чирэгддэг байдал давтагдаж, ОУВС, Дэлхийн банк хоёул улс орнуудын эдийн засгийн өсөлтийн таамгийг ташраар нь “хайчиллаа”. Шинжээчид болон их гүрнүүдийн удирдагчид эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэдгийг хараахан хүлээн зөвшөөрөхгүй нь. Гэхдээ хямрал болж магадгүй гэдэгт бүгд санал нэгтэй байна. Тэгвэл хямралын өмнөх эдийн засгийн таагүй уур амьсгалыг тив тивээр нь бүлэглэн харвал ямар байх бол.
Ази: Барын нүүрэн дэх бамбарын баг
2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаар аврагч баатар “супермен” нь БНХАУ-аар толгойлуулсан Азийн “бар”-ууд байсан бол өдгөө эрчилж эхэлсэн шинэ хямралд тэд бамбар мэт сул дорой байна. Олон улсын валютын сан Азийн тэргүүн, дэлхийн хоёр дахь том хэтэвч бүхий БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгийг 7.7 хувь болгон бууруулсан нь 1999 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болов. БНХАУ-ын бизнесийн гол түнш АНУ, Европын чинээлэг гүрнүүд бүсээ чангалж эхэлсэн нь урд хөршийн эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг буурахад хүргэсэн бол дотооддоо уул уурхайн салбар нь уналтад орж дайран дээр давс нэмэв. “Хятадын эдийн засгийн өсөлт аймаар, уналт нь бүр ч аймаар” гэдэг шиг тивийн хамгийн хүчирхэг эдийн засаг дайвж эхлэхэд бусад нь ч дагаад доргих болов. “БНХАУ-ын эдийн засаг ийм амархан сульдана гэж хэн ч таамаглаж байсангүй. 2013 он Азийн эдийн засгийн “хар жил” байх болов уу. Энэ тивийн улсууд БНХАУ-ын Засгийн газрын ухаалаг бодлогод найдахаас өөр сонголт үлдэхгүй” хэмээн “Мизүо” банкны эдийн засагч Вишну Вартан “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Азийн хоёр дахь том гүрэн Японы эдийн засгийн өсөлт энэ онд ердөө 0.1 хувь байх таамаг гарсан нь ч дээрхийг баталж байх шиг. ОУВС тивийн гурав дахь том эдийн засаг бүхий Энэтхэгийн өсөлтийн таамгийг 5.6 хувь болгон багасгаж, хатуурхсанаар эцсийн найдварыг нь хугалчихав. “Азийн бар улсуудын эдийн засаг бамбар мэт сул дорой болж байна” хэмээн “Barclays”-ийн эдийн засагч Вай Хо Леоний үгэнд итгэх л хэрэг гарах нь дээ.
Евро бүс: Му эсвэл, бүр муу мэдээний алинаас нь эхлэх вэ?
Евро бүсийн орнуудын эдийн засаг 1920-1930 оны үеийн Английнхтай төстэй харагдаж байгаа тухай шинжээчид бичиж байна. Дэлхийн I дайны үед Английн гадаад өр ДНБ-ээсээ 1.4 дахин их байсан аж. Гэтэл 2012 он буюу 90 жилийн дараа дан ганц Англи биш Евро бүсийн эдийн засаг тэр чигтээ 1920-иод оны Английнхтай ижилсэж буй нь сайны дохио яавч биш. ОУВС Евро бүсийн эдийн засгийг энэ онд ердөө 0.4 хувиар өснө гэж тооцоолсон нь эхний муу мэдээ байв. Гэтэл ирэх онд дээрх хувь 0.2 болж буурна гэсэн нь түүнээс ч таагүй мэдээ байлаа. ОУВС өнгөрсөн долоодугаар сард Евро бүсийн эдийн засаг ирэх онд 0.7 хувиар өснө хэмээн таамаглаж байснаа сая яагаад ийн бууруулсан бэ? Грек, Италийн араас орж, эдийн засаг нь дайвалзаж эхэлсэн Испанийн зээлжих зэрэглэлийг “S&P” нэг шатаар буулгаж, BBB- болголоо. Гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ээсээ давсан тус улсын Засгийн газар төсвөө танаж, нийгмийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарын үргүй зардлыг бууруулж, төрийн албаныхны цалинг хасаад буй. Гэвч энэ нь тусыг эс олов. Тивийн тэргүүлэх эдийн засаг бүхий улсууд нь толгой дараалан “сөнөж” буй энэ үед Ирланд, Чех, Унгар, Серби, Хорват зэрэг Европын холбооны гишүүн бус улсуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шинэ санааг ОУВС санал болгов.
АНУ: Төсвөө тана, татварыг нэм
ОУВС дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын эдийн засгийн өсөлтийг энэ онд ердөө хоёр хувь байна хэмээн тооцоолсны дараа тэд ийм уриаг дэвшүүлээд эхлэв. Холбооны нөөцийн сангаас эдийн засгийн өсөлтийн буурах давтамжийг ирэх онд зайлшгүй эвдэх, эерэг чиг рүү залах хувилбаргүй сонголттой нүүр тулж буйг санууллаа. Тэдний тооцоогоор ирэх онд АНУ-ын эдийн засгийн өсөлт дор хаяж дөрвөн хувьд хүрэх ёстой. Гэвч ингэхийн тулд тэд зөвхөн дотоодын эдийн засгийг додомдохоос гадна Европын холбоо, БНХАУ-ын эдийн засагт ээлтэй байхуйц хувилбарыг давхар бодолцох хэрэг гарна. Ингэж байж их гүрэн АНУ хөл дээрээ босох учиртай юм. Гэхдээ Европ болон БНХАУтай харьцуулбал АНУ-ын эдийн засаг сэргэх өнгө аяс харагдаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн түвшин нь 7.8 хувь болж буурсан нь сүүлийн 44 сарын хамгийн бага үзүүлэлт болсон юм. Түүнчлэн “Bloomberg”-ийн мэдээлж буйгаар хөрөнгийн биржийн индекс үүд нь өсөж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд тогтвортой байх төлөв харагдаж байгаа аж.
Латин Америк: Өөдрөг тоо
ОУВС-гийн тооцоолол дэлхийн томоохон гүрнүүдийн эдийн засгийг бут ниргэсэн бол Латин Америкийн орнуудыг арай өөдрөгөөр харж байна. Уг бүсийн эдийн засаг энэ онд 3.2, ирэх онд 3.9 хувиар өсөх тооцоо гарсан нь бусадтай харьцуулшгүй сайн үзүүлэлт. Энэ дундаас тивийн хамгийн баян гүрэн болох Бразилийн эдийн засаг энэ онд 1.5, ирэх онд дөрвөн хувиар нэмэгдэх боломж бий аж. Латин Америкийн орнууд Евро бүсийнхэнтэй эдийн засгийн хувьд ойр шадарладаггүй учраас даалуу мэт дам дамаа нурж буй санхүүгийн хямралын давалгаанаас холхон байна. Латин Америкийн томоохон хэтэвч бүхий улсуудаас ОУВС Мексикийн эдийн засгийн өсөлтийг л 3.8-аас 3.5 хувь болж буурна хэмээн тооцоолжээ.
Африк: УУЛ УУРХАЙН СҮҮДЭР
Хар тивийн эдийн засгийн сувд нь болох Өмнөд Африкийн өсөлтийн таамаг ч буурав. ОУВС эдийн засгийн өсөлтийг нь 2.6 хувь байхаар тооцсон нь сүүлийн хоёр жилийн хамгийн таагүй үзүүлэлт болж буй. Дэлхийн уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурч, голлох түүхий эдүүдийн ханш унаж эхэлсэн нь Африк тивийн эдийн засгийн өсөлтийг сааруулах хангалттай шалтаг аж. Уул уурхайн компаниуд бүсээ чангалж эхэлсэн бөгөөд улмаар Африк тивийнхний ажилгүйдлийн түвшин эрс дээшилж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ багасаж эхэлсэн учраас энэ оны наймдугаар сараас хойш Өмнөд Африкийн рандын ам.доллартай харьцах ханш 7.1 хувиар буурчээ.