Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросын нийслэл Москвад “Евро-4” стандартын бензин худалдаалдаг болох гэнэ. Москвагийн захирагч Сергей Собянины хэлснээр, сайн чанарын шатахуун хэрэглэх нь хотын экологид эергээр нөлөөлөх аж. Тус хотын агаарын бохирдлын 90 хувь нь автомашин, тээврийн хэрэгслийн утаанаас үүддэг.
Москвагийн нефть боловсруулах үйлдвэр, мөн хэд хэдэн нийлүүлэгчээс шатахуунаа авахаар төлөвлөжээ. Одоо хэрэглэж буй “Евро-3” стандартын бензинтэй харьцуулахад “Евро-4”-ын найрлагад агаар бохирдуулагч бодис хоёр дахин бага гэнэ. Түүнээс гадна “Евро-2” стандартын шатахуун Москвад борлуулах, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Холбооны монопольчлолын эсрэг албаны мэдээлснээр, нефть боловсруулах компаниуд үйлдвэрлэлийн өөрчлөлт хийх ёстой аж.